Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.05.06) нефть импортлогч компаниудын төлөөлөл буюу "Монголын нефть, хийн үндэсний ассоциаци", “Петровис”, ”Шунхлай”, “Монь суль”, “Сод монгол”, “Ник” зэрэг компанийн удирдах албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад импортоор орж ирж буй нефтийг Зам, тээврийн сайдын тушаалаар төмөр замаар тээвэрлэх болсныг мэдэгдлээ. Ингэхдээ шатахуун импортлогч байгууллагуудын эрх ашгийг хөндөхгүй байх, тарифт хөнгөлөлт үзүүлэх үүднээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунд төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулах үүрэг даалгаврыг өглөө.
Салбарын сайдын энэхүү шийдвэр нь говийн бүс рүү буюу Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудын чиглэлд хийгдэх авто замын их засвар шинэчлэл, урсгал засварын ажлуудтай уялдаж байгааг онцлон хэллээ. Төмөр замаар тээвэрлэлт хийх боломж бололцоо бүрэн бий гэдгийг тодотгов.
Мөн зам тээврийн яамнаас баримталж буй бодлого шийдвэрийн дагуу говийн бүсэд ачаа тээврийн терминал байгуулах төслийн хүрээнд Монголын нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн өөрсдийн аюултай ачаа хадгалах агуулах сав барих, газрыг олгох асуудалд аймаг, сумдын удирдлагуудтай ярилцаж дэмжин ажиллана гэдгээ хэллээ.
Шатахуун тээвэрлэлтийг Улаанбаатар хотоос зөвхөн төмөр замаар тээвэрлэлт хийж, Дорноговь “Сайншанд өртөө”, Говьсүмбэр аймгийн “Чойр өртөө”-нөөс автомашинаар зөөх боломжийг бүрдүүлж хамтран ажиллахыг шатахуун импортлогч нар болон холбогдох албаны хүмүүст чиглэл өглөө. Хэрэв авто замаар шатахуун тээвэрлэлт хийсэн тохиолдолд тухайн компанийн ОХУ-аас импортоор оруулж ирж буй тээвэрлэлтийг "Сүхбаатар өртөө"-нөөс нааш нэвтүүлэхгүй гэдгийг хатуу анхаарууллаа.
Энэхүү шийдвэр нь Улаанбаатар хотод болон өртөөн дээр үүсээд буй төмөр замын түгжрэл, хүлээгдэл чирэгдлийг багасгах, автозамын салбарт зарцуулж буй улсын төсвийн мөнгө, иргэдийн татварын мөнгийг хэмнэх, цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрхийг хангах, хот сууринд амьдарч буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг онцлов.
Сэтгэгдэл үлдээх