Шинэ он гартал дулаан, халуун ус, цэвэр ус, бохир усны үнэ нэмэгдэхээс айх хэрэггүй

.Graph
2025-05-08

Дулаан, халуун ус, цэвэр ус, бохир усны үнэ нэмэгдэх үү, нэмэгдвэл хэзээнээс хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгийг холбогдох газруудаас тодрууллаа. 

Дулааны үнэ

Дулааны үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо баталдаг. Уг хорооноос дулааны үнийг тавдугаар сарын 16-наас нэмэх шийдвэр гаргасан ч Засгийн газраас аливаа тариф нэмэхгүй байх тогтоолыг гаргаснаар уг шийдвэр 2026 оны 1-р сар хүртэл хойшилсон билээ. 

Дулааны үнийг дараах байдлаар нэмэх гэж байсан юм. Үүнд, 

  • Аж ахуйн нэгжийн тариф 73 хувиар,
  • Айл өрхийн тариф 100 хувиар нэмэгдэхээр тооцоололтой байсан. 

Халаалтын тариф нь одоогийн байдлаар

  • Улаанбаатар хотод 1 мкв нь 506 төгрөг,
  • Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотод 1 мкв нь 648 төгрөг 
  • Бусад аймгийн төвүүдэд 1 мкв нь 1024 төгрөг хүрээд байна. 

Тэгэхээр Улаанбаатарын хувьд хамгийн хямд байгаа юм. Тиймээс үүнийг бусад аймгуудын түвшинд хүргэж, 1012 төгрөг болгохоор тооцоолж байсан. Өөрөөр хэлбэл, халаалтын үнэ нь

  • Улаанбаатар хотод 100 хувиар буюу 2 дахин
  • Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотод 56 хувиар нэмэгдэх байсан юм. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Дулааны үнийг хоёр дахин нэмэх юм байна гэж мэдээж шүүмжлүүлнэ. Ардын дайсан гэж намайг цоллох байлгүй. Гэхдээ үүнийг хэн нэгэн хүн хийхгүй бол нөхцөл байдал улам хүндэрч байна" гэсэн билээ.

Халуун усны үнэ

Халуун усны үнэ тарифыг мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог. 

Айл өрхийн хэрэгцээний халуун усны үнийг зуны улиралд хүнээр тооцвол 2806 төгрөг болдог байна. Үүнийг мөн хоёр дахин нэмж, 5612 төгрөг болгохоор төлөвлөж байсан. Гэвч мөн Засгийн газрын тариф нэмэхгүй байх тогтоолоор 2026 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хойшилсон. 

Цэвэр, бохир усны үнэ

Цэвэр, бохир усны үнэ тарифыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо баталдаг юм байна.

Тус хороо руу холбогдож, цэвэр, бохир усны үнэ хэрхэн нэмэгдэх талаар тодруулахад "Засгийн газрын тариф нэмэхгүй байх тогтоолын дагуу шинэ он гартал үнэ тариф нэмэгдэх асуудал яригдахгүй. Хорооноос ямар нэгэн байдлаар үнэ тариф нэмэх санал, төлөвлөгөө гаргаагүй" гэлээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод цэвэр усны үнэ

  • Тоолууртай бол литр тутам нь 1.34 төгрөг
  • Тоолуургүй бол 1.95 төгрөг

Бохир усны үнэ

  • Тоолууртай бол литр тутам нь 1.07 төгрөг
  • Тоолуургүй бол литр тутам нь 1.43 төгрөгийн үнэтэй байна.

Эдгээрээс харвал, Засгийн газрын баталсан тогтоолын дагуу дулааны болон халуун, хүйтэн, бохир усны үнэ 2026 он гартал нэмэгдэхгүй. Харин шинэ оноос шинэ үнэ тарифаар төлбөр гарч эхлэх нь ээ.

Эсрэг

Дэмжсэн

2025-05-08

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe