С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо

Ц.Чимэдцэеэ
2025-05-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцэн 75 гишүүн буюу 80.6 хувийн саналаар дэмжлээ.

С.Магнайсүрэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан ба  өнгөрсөн есдүгээр сард чөлөөлөгдсөн.

Ажилласан байдал, туршлагаас нь үндэслэн түүнийг хуулийн шаардлагыг хангаж байна хэмээн үзсэн ч Ерөнхий аудиторын чиг үүргийг гүйцэтгэхэд анхаарах зүйлс бий.

Тус институт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх учиртай.

УИХ-ын гишүн Г.Тэмүүлэн түүний томилгооны сонсголын үеэр ялангуяа Засгийн газраас хараат бусаар ажиллахыг онцлон анхааруулсан.

Учир нь С.Магнайсүрэн 27 жил төрийн албанд ажилласнаас сүүлийн 10-аад жил Хөдөлмөрийн яам, БХБЯ зэрэг гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж иржээ.

Ийнхүү Засгийн газарт, төсөв захиран зарцуулах чиг үүрэг гүйцэтгэж ирсэн хүний хувьд эргээд тэр байгууллагуудаа хянаж шалгах шаардлагатай болж буй юм.

Ташрамд дурдахад, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа бусад гишүүдийн хамтаар Бэрэн группт  22 сая ам.долларын зээл олгосонтой холбогдуулан Хөгжлийн банкны гэх хэрэгт шүүгдэгчээр татагдан шалгагдаж байв.

Ажилласан байдал:

1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,

1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,

2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,

2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,

2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,

2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,

2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,

2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2023 оны есдүгээр сараас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe