УИХ, ялангуяа Д.Амарбаясгаланд үүргээ гүйцэтгэж, бодлого тодорхойлох сонирхол алга

Ц.Чимэдцэеэ
2025-05-09

Гурилын импортын татварын тарифыг буцаан тогтоох эсэхийг УИХ өнөөдрийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 40 гаран минут хэлэлцэж, шийдэлд хүрсэнгүй.

Учир нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгож байж дээрх арга хэмжээг авах учиртай.

Тэгвэл тус хуулийг хүчингүйд тооцох тухай эцсийн хэлэлцүүлэг болж, санал хураах мөчид ирц хүрэхгүй шалтгаанаар ирэх долоо хоногийн чуулган хүртэл хойшлуулав.

Гэтэл тус асуудал манай улсын хөдөө аж ахуйн салбарт томоохон цохилт болж байна. Тариаланчид дээрх хууль хүчингүй болбол улаанбуудайг ахиухан тариална. Харин хүчинтэй хэвээр үлдвэл бага нь бага алгасах нь алгасахаа шийдэх юм.

Гэтэл тариалангийн улирал дуусах гээд байхад бодлого боловсруулагчид нь эс үйлдэхүйгээрээ тэдэнд саад учруулсаар байна. 

Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ийнхүү гуйлаа.

“5 сарын 20 хүртэл үр, буудайгаа тарина. Одоо надад хоёрхон долоо хоног байна. Энэ хугацаанд улаан буудайн тариаланг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Яамны бэлтгэл бүрэн ханасан. Үр, бордоо, техник, шатахуун, ургамал хамгааллын бодис бүрэн бэлэн.

Одоо бодлого яаралтай тодорхой болж, тариаланчдын улаан буудай тарих хүсэл сонирхлыг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Бид намрын чуулганд өргөн барьсан. Тодорхой бус олон шалтгаан явсаар өдийг хүрч байна. Яаралтай л шийдэл өгөөч гэж хүсээд байна.

6 сарын сүүл, 7 сарын эхэн наадам гэхэд ургацын ерөнхий төлөв байдлын багцаа авна. Тэгээд л улаан буудай дутна, илүүднэ гэдэг зүйлийн бид хаврын чуулган тарахаас өмнө танилцуулж чадах байх.

Улаанбуудайн тариалалт огцом унавал импортоор авахаас аргагүй, валютаа гадагшаа урсгахаас өөр аргагүй нөхцөл үүсэх байх.

Надад эцэслэн баталж өгөөч, шийдэл гаргаж өгөөч. Бас ч хоцорчхоогүй байна. Тодорхой хэмжээний эрсдэл үүссэн”

Гэсэн ч түүнийг үг талаар болов.

Ялангуяа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд даргын индрээ ашиглан хүчингүй болгуулахаар өргөн барьсан хуулийн төслийг удаа дараа хамгаалсан байр суурьтай байгаа.

Өнөөдрийн хуралдаанд л гэхэд яаманд хандсан Ө.Шижир сайдын “Яам өмнө жил өргөн барьж, батлуулсан хуулиас болж гурилын үнэ өссөн байна. Цаашид ийм байдал үүсгэхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах вэ” гэсэн асуултыг тосон хариулж, “Гурилын үнэ өссөн зүйл байхгүй шүү, гишүүд буруу ойлголттой байна” гэхчлэн давуу байдлаар өөрийн толгойлж, батлуулж байсан хуулиа хамгаалсаар байгаа юм.

Хэдийгээр гурилын импортын татварыг тэглэсэн хууль нь өнгөрсөн жил түүний голлох оролцоогоор батлагдсан ч өнөөдөр УИХ-ын даргын үүднээс ийнхүү авирлах нь зохимжгүй.

Адаглаж л өнөө маргаашгүй тэднийг хүлээн суугаа бүхэл бүтэн салбар, тариаланчид, иргэдийнх нь хүнсний асуудал байхад бодлогоо батлах нь байтугай УИХ-ын даргын хувьд хуульд зааснаар гишүүдийн чуулганд суух үүргээ биелүүлэхэд хяналт тавих, дэг сахиулан ирц бүрдүүлэх үүргээ биелүүлсэнгүй.

Харин ч  “Их хурлын ажил горимынхоо дагуу явж байгаа шүү Ж.Энхбаяр сайд аа” хэмээн анхааруулав. Тэр энэ мэт үйлдлээрээ үндэснийхээ тариаланчдад өстэй хүн шиг аашилж байна. Ийнхүү ХАА-н салбар, тариаланчид УИХ-д нүд үзүүрлэгдэн үлдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe