Монголын сүмочдын домог үргэлжилсээр

.Graph
2025-05-12

Хүн төрөлхтөний хамгийн эртний спортын нэг болох Японы үндэсний сүмо бөхөд сүүлийн 22 жилд Монголын хүчтэнүүд ноёрхсоор ирлээ. Монгол сүмочдын түүх бол дэлхийд бахархалтайгаар өгүүлэх спортын домог юм.

Тэгвэл нэгэн сонирхолтой статистик бол 2002 оноос 2024 он хүртэлх 22 жилийн турш зохиогдсон 136 башё буюу том тэмцээнүүдийн ихэнхэд Монголын сүмочид аваргалсан байна. Тухайлбал, энэ хугацаанд Хакүхо, Асашёрюү, Харүмафүжи, Какүрюү, Тэрүнофүжи зэрэг Монгол бөхчүүд нийт 102 удаа түрүүлжээ.

Энэ нь бүх тэмцээний 75 хувийг эзэлж байгаа үзүүлэлт бөгөөд дэлхийн спортын түүхэнд ч ховорхон тохиох амжилт. Хамгийн олон удаа түрүүлсэн бөх бол сүмогийн домогт Ёкозүна Хакүхо (М.Даваажаргал). Тэрээр 2006 оноос хойш ганцаараа 45 удаа түрүүлж, сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод зогсохгүй Монгол хүний хичээл зүтгэл, тэсвэр хатуужлыг дэлхийд таниулсан билээ. Мөн

  • Асашёрюү 25 (Д.Дагвадорж),
  • Харүмафүжи 9 (Д.Бямбадорж),
  • Какүрюү 6 (М.Ананд),
  • Тэрүнофүжи 10 (Г.Ган-Эрдэнэ),
  • Киришима 2 (Б.Лхагвасүрэн),
  • Хошорюү 1 (С.Бямбасүрэн),
  • Ичиножо 1 (А.Ичинноров),
  • Тамаваши 2 (Б.Мөнх-Оргил),
  • Кёкүтэнхо 1 (Н.Цэвэгням) удаа түрүүлж, эх орны нэрийг өргөмжилсөн юм.

Эдгээр амжилтуудын ард Монгол бөхчүүдийн үндэсний бөхөөс өвлөгдсөн бие бялдар, хурд хүч, мэргэжлийн хат суусан тэсвэр тэвчээр, хүндлэл хүндэтгэлийн ёс зүй байдаг. Тэд зөвхөн дэвжээн дээр бус, Японы ард түмний сэтгэлд ч гүн шингэсэн, хүндэтгэлийг хүлээсэн эрхэм тамирчид болж чадсан. Өнөөдөр ч Тэрүнофүжи Монголын тугийг сүмогийн дээд зиндаанд өндөрт өргөсөөр байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe