“Очирдагинас” ХХК дэлхийн махны “олимп”-оос 9 алт, 1 хүрэл медаль хүртжээ

.Graph
2025-05-13

Дэлхийн хамгийн том мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн буюу “IFFA 2025” тавдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Герман улсын Франкфурт хотод боллоо.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд Олон улсын хиамны чанарын уралдааныг зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн өнцөг булан бүрээс үйлдвэрлэгчид оролцон, шилдэг бүтээгдэхүүнүүдээрээ өрсөлддөг байна. 

Бүтээгдэхүүн бүрийг амт, бүтэц, гадаад төрх, боловсруулалтын технологи, аюулгүй байдал зэрэг олон шалгуураар нарийн мэргэжлийн шүүгчид шалгадаг нь махны салбарын “олимп” гэгддэг IFFA-гийн гол онцлох үйл явдлуудын нэг аж. 

Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Очирдагинас” ХХК 10 бүтээгдэхүүнээрээ өрсөлдөн 9 алт, 1 хүрэл медаль хүртсэн байна. 

Түүнчлэн 8 болон түүнээс дээш алтан медаль хүртсэн оролцогчдод "Герман Улсын Мах махан бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо"-ноос олгодог “Хүндэтгэлийн Цом”-ыг авчээ. 

Тэдний медаль авсан бүтээгдэхүүнүүдийг дурдвал, 

  1. Knoblauch Wurst - алт
  2. Бяслагт - алт
  3. Самартай салями - алт
  4. Жуулчин салями - алт
  5. Бяслагтай грильний зайдас - алт
  6. Утлагат зайдас hunters - алт
  7. Хатаасан мини салями - алт
  8. Гахайн утсан махтай элэгний нухаш - алт
  9. Зөгийн балтай элэгний нухаш - алт
  10. Үхрийн амталж хатаасан мах / Beef Jerky - хүрэл медаль тус тус хүртжээ. 

3 жилд нэг удаа зохион байгуулагддаг тус үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс махны салбарын технологийн тэргүүлэгчид, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, амтлагч, жор хөгжүүлэгчид, сав баглаа боодол, туслах материал нийлүүлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид гэхчлэн дэлхийн махны салбарын аваргууд цуглардаг аж. 

Ташрамд, "Очирдагинас" ХХК-ийн хэрэгжүүлж буй экспортын үйлдвэрийн 3 дахь шат болох Анхан шатны мах боловсруулах үйлдвэр 2025 оны 8-р сард ашиглалтад орох аж. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хэрэглэгчдэд стандартын шаардлага хангасан төрөл бүрийн махыг нийлүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Дашрамд гэж бичээрэй.

Дугаар хорооны иргэн

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe