Хаврын чуулган үргэлжилж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 66 гишүүн ирж, 52.4 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар хуралдаан эхэллээ.
10 гаруй гишүүн гадаадад томилолттой, мөн 20 гаруй гишүүн Гашуунсухайт боомтод ажиллаад, өнөөдөр ирж амжаагүй тул чөлөөтэй байгаа аж.
Тов ёсоор өнөөдөр дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.
Үдээс өмнө хуралдаан 10.00 цаг эхэлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх болон Засгийн газрын 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.
Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтээр "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэсний "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно" гэснийг зөрчсөн хэмээн дүгнэсэн юм.
Дээрх дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн юм. Тэгвэл чуулганаар байнгын хорооны тус шийдвэрийг дэмжих эсэхийг хэлэлцэн санал хураах аж.
Үдээс хойш хуралдаан 14.00 цагт эхэлж, Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 90 минут хэлэлцэхээр байна.
Сэтгэгдэл үлдээх