Сайд нар Засгийн газрын тэргүүнийхээ асуудалд юу гэж хэлэв

Ж.Номин
2025-05-15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажил, орлогогүй 22 настай хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо хэдэн арван саяар нь бэлэг авч өгсөн гэх асуудал нийгэмд хүчтэй хөндөгдөж эхэлсэн. Тиймээс иргэд Ерөнхий сайдыг өөрийн болон хүүгийнхээ орлогыг нотолж, тайлбар хий эсвэл огцор гэх шаардлагыг тавин Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ. 

Тэгвэл жилийн 240 гаруй сая төгрөгийн орлоготой Ерөнхий сайдын гэр бүлийн орлогоо давсан тансаг хэрэглээ болон шаардлага тавьж буй иргэдийн жагсаалд Засгийн газрын гишүүд ямар байр суурьтай байна вэ. 

Шадар сайд Л.Гантөмөр:

- Хүүхдээр улс төр хийхээ боль. Та нар ёс суртахуунтай бай. Битгий гүтгээд бай. Нэг өдөр чиний хүүхдийг ярина шүү дээ. Тэр нас биед хүрсэн хүнийг яаж хариуцах юм. Нас биед хүрсэн чиний өмнөөс чиний аав хариуцлага хүлээх үү. Чиний хэрэглээг чиний аав, ээж хоёр мэдэх үү? Би өөрөө том хүүхэдтэй хүн учраас хэлж байна. Би тэр хүүхдийг юу хэрэглээд явж байгааг би яаж мэдэх юм? 20 настай хүүхэд ямар орлоготой байгааг чи бид хоёр яаж мэдэж байгаа юм? Чиний хүүхэд том болохоороо юу эдэлж хэрэглэхийг чи мэдэх үү? Хэний мөнгийг нь би яаж мэдэх юм? Иргэдийн шаардлага ардаа эзэнтэй л байгаа шүү дээ. 

Шадар сайд Т.Доржханд: 

- “Орлогоо нотол” гэх шаардлага бол ардчилсан улсад байх ёстой. 2018 онд ХҮН нам “Орлогоо нотолъё” гээд хөдөлгөөн хийж байсан. Гэхдээ өнөөдөр хамтарсан засгийн газар арай гэж байгуулагдаад бүх гацаад байгаа том төслүүдээ явуулаад, гадна дотнын хөрөнгө оруулагчдаа уриад явж байх үетэй давхцуулаад, үүнийг саармагжуулах үйл ажиллагаа явуулж байгаа нь маш буруу. Тохиолдол нь их сонин байна. 

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: 

- Төрийн хариуцлагатай албан тушаалтан бүгд хөрөнгө оруулгаа зөв мэдүүлэх ёстой. Хэрэв хөрөнгө нь өссөн, эсвэл өөрийнхөө хөрөнгөө илүү их хөрөнгө зарлагадсан бол тайлбараа хийгээд явах ёстой. Хууль, шүүхээр буруутай буруугүйг нь тогтоогоогүй байхад нэг хүн рүү дайраад явах чинь ёс зүйтэй зүйл биш. Өөрийнх нь хууль ёсны орлого нь мөн байвал тэр мөнгөөрөө лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү тэр хүний л асуудал. Би улстөрчийнхөө хувьд ч, эр хүнийхээ хувьд ч, эцэг хүнийхээ  хувьд ч нэг зарчим барьдаг хүн. Би хүний түрийвч рүү, хөнжил рүү, ул руу шагайдаггүй хүн. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: 

- Өнгөрсөн хугацаанд дарга, сайд гэхчлэн улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүсийн эхнэр, хүүхдийн тансаглалтай холбоотой элдэв дуулиан шуугиан гарч байсан. Үүнийг хүүхэд, залуус, үнэнч шударгаар хөдөлмөрлөж яваа хүмүүс хараад даган дуурайх, ийм бишдээ гутрах гэхчлэн ийм нийгмийн үзэгдэл болох нь. Энэнээс салах нэг арга байна гэж би сүүлийн 5 жил ярьж байгаа. Хувийн хэвшилтэй, бизнес хийдэг, өөрсдөө баялаг бүтээдэг хүмүүстэй юм ярихгүй. Харин улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан л бол орлогоо нотол. Мөнгө чинь өөрөө мөртэй. Татвар төлсөн байх ёстой. Дансаараа дамждаг, гэрээ хийгддэг. Бүгд мөртэй шүү дээ. Энэ хүрээнд орлогоо нотол. Хууль бус байвал хөрөнгийг нь хурааж авах хуулийн төслийг би яриад л явж байгаа. АН-ын гишүүний хувьд би иргэд ийнхүү жагсаж байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх өөрсдийнх нь эрх гэж бодож байна. Энэ жагсаалд ямар нэг байдлаар хууль бусаар нөлөөлөх, албадах үйл ажиллагаа байхгүй. Ерөнхий сайд тайлбар хийх байх. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 

- Ерөнхий сайд өөрөө тайлбар хийх байх, би сайн мэдээлэлгүй байна. Би бол сүүлийн хэдэн жил “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе”, “орлогоосоо давсан зарлага гаргахаа больё оо”, “хуримтлалтай болъё” гэдгийг тоть шиг л давтаж явдаг. Энэ байр суурин дээрээ ч байгаа. Одоо бол хувь хүний хэрэглээний талаар мэдээлэлгүй байгаа учир байр сууриа илэрхийлэх боломжгүй байна. 

Засгийн газрын гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. Хэрэв Ерөнхий сайд огцорвол одоогийн Засгийн газар тэр чигээрээ огцрох бөгөөд тэдний өөрсдийгөө хамгаалах ганц зүйл нь “Засгийн газар огцорвол мега төслүүд гацна” хэмээн сүрдүүлж буй явдал юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe