200 мянган иргэн зээлийн хар жагсаалтаас гарч, онооны систем рүү шилжихээр боллоо

Ж.Номин
2025-05-16

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Ингэснээр хар жагсаалт гэсэн зүйл байхгүй болж, онооны систем рүү шилжих аж. 

Энэ талаар тус хуулийн төслийг санаачлагч Э.Батшугар: 

- Өөрөөр хэлбэл, 200 мянган иргэний хар жагсаалт байхгүй болж, онооны систем рүү шилжинэ. Оноо нь бодит горимоор, динамикаар өөрчлөгдөөд явна. Мөн тухайн иргэнээс хамаарахгүйгээр буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл доголдвол онооны системд уян хатан хандана.

Харин Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас зээл авчхаад төлөхгүй бол уян хатан тогтолцоо үйлчлэхгүй. Учир нь энэ бол татвар төлөгчдийн мөнгө учир илүү хариуцлагатай, сахилга баттай байх ёстой. 

Онооны систем рүү шилжсэнээр зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэнэ. Нийт зээлийн хүүгийн бүтцийг харвал 

  • 63 хувь нь хадгаламжийн хүү, эх үүсвэрийн зардал
  • 15 хувь нь эрсдэлийн зардал
  • 22 хувь нь урсгал зардал гэж байгаа. 

Тиймээс 15 хувийн эрсдэлийн зардалд хэмнэлт хийх боломжтой. Тодруулбал, онооны системээр эрсдэлийг үнэлэх арга юм. 

Одоогийн байдлаар сайн зээлдэгч болон муу зээлдэгчдийг ялгаж чаддаггүй. Тиймээс бүгдэд нь өндөр хүү тавьчихдаг. Иймд зээл авсан иргэдийн 4-5 хувь нь зээлээ төлөхгүй байгаа тохиолдолд өндөр хүүгээрээ шархаа нөхдөг. Тэгэхээр одоо дахиж тийм ойлголт байхгүй болж байна гэсэн үг. 

Мөн барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Учир нь өндөр оноотой, санхүүгийн сахилга баттай иргэн зээлээ төлөх нь тодорхой юм чинь заавал барьцаа хөрөнгө шаардахгүй гэсэн үг. Цаашлаад цаг хугацаандаа зээлээ төлж байгаа иргэдийг урамшуулдаг болж, бага хүүтэй, урт хугацаатай, барьцаа хөрөнгийн шаардлага нь уян хатан байх нөхцөл үүснэ. 

Түүнчлэн банк хоорондын өрсөлдөөн бий болно. Яагаад гэвэл өндөр оноотой иргэн дуртай банкин дээрээ очоод “Би өндөр оноотой. Хэн надад зээл олгох вэ” гэвэл банкнууд хоорондоо өрсөлддөг болно. Энэ бол олон улсын хамгийн зөв тогтолцоо юм гэв. 

Уг хууль төрийн мэдээллийн санд 14 хоногийн дотор хэвлэгдэн, хэвлэгдсэн өдрөөс эхлэн хуулийг мөрдөж эхлэх аж. 

Сэтгэгдэл үлдээх

Ashguuudee thanks

Buynaa

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe