Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын өдрүүдэд болоод буй асуудалд тайлбар өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Миний хүү хүнтэй сүй тавих гэж байгаагаа хэлээгүй
Тэрээр “Говийн бүсэд ажиллаж байхад ийм зүйл болжээ. Мэдээлэл бол авсан. Хотод ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцлаа. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрсэн. Найз охинтой болсон нь үнэн. Найз охины ар гэртэй нь танилцаагүй явж байна. Сүй тавьсан нь үнэн, хүүгийнхээ хайр сэтгэлд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн шүүмжлэл бол зөв. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш байж, орлогоо нотлох ёстой. Манай хүү хүнтэй сүй тавих гэж байна, мөнгө хэрэгтэй байна гэж яриагүй. Миний завгүй явсан нь бас үүнтэй холбоотой байх. Ингээд юутай ч говьд ажиллаж байх хугацаанд мэдээд, найз охиных нь аав ээжтэй нь уулзах аав хүний үүрэг над дээр үүслээ.
Бөгж авснаа хүлээн зөвшөөрсөн, орлогоо нотолно
Бөгж авснаа бол хүлээн зөвшөөрч байна, орлогоо нотлох ёстой. Манай гэр бүлийн гишүүн том хүүгийн маань мэдээлэл анх удаа гарч байна. Бас хэтэрхий янз бүрийн юманд орооцолдов, хүний нүдэнд харагдав гэж бас байнга үглэж байсан нь буруу ч байсан юм шиг. Том болсон, насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө нийгэмд танигдаад явах нь зөв байж магадгүй.
Манай хүү контент хийдэг
Манай хүү багаасаа л аялах дуртай, Монголдоо аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой, студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, Херо энтертайнменттай хамтарч ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хоёр компани бий. Нэг нь Херо энтертайнментын 50 хувь, нөгөөх нь Хүлэг контент ХХК юм. Түүнтэй холбоотой контент хийнэ гээд л явдаг залуу. Яваандаа өөрөө бас олон нийтэд, бие хүнийхээ хувьд мэдээлэл өгөөд явах байх. Хүүгийнхээ амьдрах орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй байна.
Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгжөө хураалгана
Нэг зүйлийг би сайн хэлсэн. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой, энэ бол нийтийн зүгээс тавьж буй зөв шаардлага гэж хэлсэн. Олон нийтээс тавьж буй шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна. Олон нийтийг талцуулсандаа хүлцэл өчиж байна. Уучлалт гуйж байна. Засгийн газраас хэд хэдэн багц арга хэмжээг авч буйг та бүхэн мэдэж байгаа. Авлига авсан нь нотлогдвол 12 жилийн хорих ялтай болсон. Мөн Засгийн газраас улс төрчид орлогоо нотолж чадахгүй бол хууль бус орлогыг хураах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдчихвал ийм хардлага бүрэн шийдэгдэнэ. Одоо зөвхөн улс төрчид л ХОМ мэдүүлдэг. Хууль батлагдсанаар гэр бүл, хамаарал бүхий хүмүүс нь орлогоо мэдүүлдэг болно.
Нэгэнт ийм асуудал гарсных хуулийн дагуу шалгуулна
Нэгэнт ийм асуудал гарсных хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна. Үүнийг олон нийтэд нээлттэй тайлагнахыг хуулийн байгууллагаас хүснэ. Би орлогоо нотолж чадахгүй бол хариуцлагаа хүлээхэд бэлэн. Харин хөрөнгө хураах хуулийг олон нийт дэмжих хэрэгтэй.
Үүний дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Таны хүүгийн талаарх олон мэдээлэл гарсан, ямар мөнгөөрөө авсан юм бэ. Мөн бүтээн байгуулалттай зэрэгцээд энэ асуудал гарлаа гэх асуудал байна?
-Би хүүдээ итгэж байна. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаад, мөнгө хаанаас гарсныг тогтооно. Мөнгө алга болохгүй, хөөвөл гараад ирнэ.
Над руу биш, бүр гэр бүл рүү минь дайрдаг боллоо
Миний хувьд том төслүүд, Үндэсний баялгийн сан зэрэг олон асуудлыг хөдөлгөж байгаа. Энэ нь том эрх ашгуудыг хөнддөг нь ойлгомжтой. Хувь хүнийхээ хувьд олон хүнийг гомдоосон, эрх ашгийг нь зөрчсөн асуудал байна. Үүнийгээ бүрэн ухамсарлаж байна. Тиймээс би туйлын болгоомжтой аливаа асуудалд хандахгүй бол болохгүй. Ямар нэг асуудал гарвал өнөөдрийх шиг болно. Намайг янз бүрээр хэлдэг. Данх ч гэдэг. За яахав, одоо бол гэр бүл рүү орж байгаа юм байна. Манай хүүхэд, гэр бүлийн гишүүд үүнийг ойлгож, бүр илүү болгоомжтой байх байх.
Том төсөл явуулах гэхээр дандаа ийм асуудал гардаг
Олон нийтэд хандаж хэлэхэд, сая Гашуунсухайт-Ганцмод боомтын 20 жил гацсан төслийг эхлүүлэхэд бараг хүн анзаарсангүй. Саяны асуудлууд хөврөөд өнгөрлөө. Энэ бол биднийг хэрсүү байхыг бодуулсан зүйл байлаа. Ийм байдлаар том төслүүд гацаж, эрх ашгуудын эрэмбэ алдагддаг. Гашуунсухайттай холбоотой асуудлыг би ойлгож байна.
Өнөөдрийн энэ асуудал нийгэм анхаарал хандуулах чухал асуудал гэдгийг бүрэн ойлгож байна. Тэгтэл бүтээн байгуулалт эхлэх тавдугаар сарын 14-ний өдөртэй давхцаж байна. Тиймээс иргэд хэрсүү байж, ялгаж харах хэрэгтэй.
Улс төрийн зорилготой ялаанууд аа, та нар битгийн горьд
Хоёр зүйлийг хэлье. Ард түмнээсээ би дахиад уучлал гуйя. Надтай холбоотой хууль бус орлогоо нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Надад энэ байтугай цохилт ирнэ гэдэгт би сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байдаг. Харин зориудаар улс төрийн зорилготой байгаа ялаануудад хандаж хэлэхэд, та нар яагаад ч миний үзэл санаа, тэмцлийг, итгэл үнэмшлийг бөхөөж чадахгүй. Битгий горьд. Би эцэст нь хүртэл явна.
Сэтгэгдэл үлдээх
Shi opportunities bolooshdee 2023 ond shi energy buzar Bulaga gelgene geed alga bolshood huushin engej saipan bh get hinah ym bol hinaash
Iregen 12250614
Дэмжих үү?
1 1