Өнөөдөр "Огцрох амархан" жагсаал долоо дахь хоногтоо үргэлжилнэ. Жагсаал эрчээ авахтай зэрэгцэн Төрийн ордонд албан тушаалтнууд үймж, уулзалтууд ар араасаа хөвөрлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах уулзалтуудыг хийсэн байна.
1. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан даваа гараг бүр болдог. Ерөнхий сайд ээлжит бүлгийн хуралдаанд оролцож, хүүтэй нь болон өөртэй нь холбогдож буй хөрөнгө нотлох асуудлыг хувь хүнийхээ журмаар хууль хяналтын байгууллагад шалгуулна гэдгээ илэрхийлсэн.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хамтарсан Засгийн газрын өнгөрсөн хугацааны ажилд үр дүн гарсан эсэхийг МАН-ын шат шатны байгууллагаар хэлэлцүүлэх саналыг гаргасан байна. Хэрэв үр дүн гарсан гэж үзвэл Хамтарсан Засгийн газрыг хэвээр үлдээнэ. Харин МАН-ын шат шатны байгууллагуудаас үр дүн гараагүй гэж үзвэл МАН дангаар засаглах боломжтой талаар ярьсан билээ.
УИХ дахь намын гишүүдийн хувьд зарим нь улс төрийн нүүдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулсны дараа болох нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлсэн бол зарим гишүүн МАН-ын шат шатны байгууллагыг хуралдуулах нь зүйтэй гэх Ерөнхий сайдын байр суурийг дэмжсэн юм.
2. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав
МАН-ын бүлгийн уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй өрөөнд нь очиж уулзсан. Ерөнхийлөгчийн талаас "Өөрөө огцрох өргөдлөө өг, МАН дангаараа Засгийн газар байгуулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багаас яаж ийж байгаад Хамтарсан Засагтайгаа үлдэнэ гэх байх суурийг илэрхийлсэн байна.
Ийнхүү уулзалт бараг гурван цаг орчим үргэлжилсэн ч тэд нэг байр суурьтай болж, тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Хамгийн гол нь, Ерөнхий сайд энэхүү уулзалтын дараа МАН-ын бага хурлыг товлож, лхагва гарагт хуралдахаар болсон. Энэ нь Ерөнхийлөгчтэй учраа олж чадаагүйг харуулаад зогсохгүй, Хамтарсан Засгийн газрын хувь заяаг шийдэх алхам болж байна.
3. Я.Содбаатар, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нартай уулзав
Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа Ерөнхий сайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай уулзсан.
Энэхүү уулзалтаар яг юу яригдсан нь тодорхойгүй ч Ерөнхийлөгчөөс бусад нь бүгд МАН-ын бага хурлыг хуралдуулах нь зүйтэй гэдэг дээр нэгдсэн аж.
Д.Амарбаясгалан аль талыг сонгох вэ
У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар бол МАН-ын гол хүч, намын хамгийн нөлөө бүхий хүмүүс. МАН-д олон сайн улс төрч байдаг ч яг одоогийн нөхцөл байдалд энэ гурвын дэмжлэггүй бол цагийн эрхээр улс төрийн хаалгыг хаах нигууртай.
Улс төрд өрнөж буй үйл явдлаас улбаалж, МАН-ын дотоод зөрчилдөөн хурцдаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоёр тийшээ хараад суучихлаа. Харин Д.Амарбаясгалан хэнийг сонгох нь тодорхойгүй хэвээр.
МАН-ын бага хурлаар Хамтарсан Засгийн газрыг унагааж, МАН-ыг дангаар засаглуулах уу, шинэ Ерөнхий сайдтай болох уу гэдгийг хайрцаглаж шийднэ. Хайрцаглаж гэхийн учир нь, МАН-ын бага хурлын нийт 369 гишүүний хэд нь У.Хүрэлсүхийн хүн бэ, хэд нь Л.Оюун-Эрдэнийн хүн бэ, хэн нь Д.Амарбаясгалангийн хүн бэ гэдгээс шалтгаалж, шийдвэр гарна.
Тодорхой хэлбэл, хоёрын эсрэг нэг нь тэмцэнэ гэдэг дүр зураг. Гэхдээ У.Хүрэлсүх хоёулаа болж хүчийг атгах уу, Л.Оюун-Эрдэнэ хоёулаа болж хүчийг атгах уу гэдгийг Д.Амарбаясгалан шийднэ.
Хайнааг хагалах Д.Амарбаясгалангийн шийдвэр аль талдаа гарах нь тодорхойгүй ч Хамтарсан Засгийн газар байхыг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий. Тэр хэнийг нь сонгож, хүчээ нийлүүлэхээс улс төрийн өнгө аяс тодроод ирэх нь ээ.
Сэтгэгдэл үлдээх