О.Тэмүүлэнгийн тансаглалын буруутан Л.Гантөмөр болов

.Graph
2025-05-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, бэр хоёрын тансаглал Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан жагсаалыг эхлүүлсэн. Жагсагчид өнөөдөр 9 дэх өдрөө жагсах гэж байна.

Энэ хооронд улс төрд ширүүхэн өрсөлдөөн гарч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хагаралдсан нь илт болсон. Ингээд МАН-ын бага хурал хуралдаж, Засгийн газрыг хамтарч байгуулах нь зөв, гэхдээ АН-ыг гаргана гэх шийдэлд хүрлээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг битгий огцруулаач, би өргөдлөө өөрөө гаргаж ажлаа өгье гэсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, намайг огцруулаагүй, би өөрөө ажлаа өгсөн гэж түүхэнд бичигдмээр байна гэсэн санаа. 

Харин бүгдээрээ жагсагчид, олон нийтийн хүсэл үнэндээ юу байсан бэ гэдгийг эргэн саная. 

1. Орлогоо нотлох

Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө миний нэр дээр хоёр компани бий. Тэр компаниудын орлогоор тэр үнэтэй зүйлсүүдийг авсан гэж тайлбарласан. Мөн түүний хүү О.Тэмүүлэн гадаадаас ирж, АТГ-т 4 цагийн турш мэдүүлэг өгсөн аж.

Одоогийн байдлаар тэдний орлогыг АТГ хуулийн дагуу эсвэл хууль бус нотлоогүй. Гэхдээ АТГ-ын дарга З.Дашдавааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө санал болгож, УИХ түүнийг дэмжсэн. Тиймээс АТГ-аас үнэн зөв, шударга шийдвэр хүлээх иргэдийн хүлээлт тасарсан гэж хэлж болно.

2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах

Жагсагчид Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлоод зогсохгүй огцрох шаардлагатай гэдгийг онцлон жагсаж байгаа. Уг асуудалд Ерөнхий сайд хариуг нь өгсөн. Тэрээр "Зориудаар улс төрийн зорилготой байгаа ялаануудад хандаж хэлэхэд, та нар яагаад ч миний үзэл санаа, тэмцлийг, итгэл үнэмшлийг бөхөөж чадахгүй. Битгий горьд. Би эцэст нь хүртэл явна" хэмээн мэдэгдсэн билээ. 

Тэгвэл түүний тэмцэл ингэсгээд дуусах бололтой. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөх гэж байна. 

3. Сөрөг хүчинтэй болох

Жагсагчдын бас нэг шаардаж байсан зүйл бол МАН ингэж ард түмнийг тохуурхаж буй үйлдэл нь АН, ХҮН нам Засгийн газарт нэгдсэнтэй холбоотой. Сөрөг хүчингүй болсноос болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үг хэлж чадах хүнгүй болсон гэж үзэж байгаа. Тэгвэл юутай ч МАН-ын бага хурал Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэр гаргалаа. 

Өөрөөр хэлбэл, энэ бүх тэмцэл, үзэл бодлын гол зангилаанд АН Засгийн газраас гарах нь дараагийн асуудал. Харин Л.Оюун-Эрдэнэ огцорч, О.Тэмүүлэн орлогоо нотлох нь нэгдүгээр асуудал юм. Гэтэл МАН-ынхан Ардчилсан намаар туг тахиад, О.Тэмүүлэнгийн тансаглалын буруутнаар Л.Гантөмөрийг өргөмжлөөд явж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe