Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнийн хийж чадсан болон чадаагүй ажлууд

.Graph
2025-05-26

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унах нь тодорхой болоод байна. Хүүгийнх нь хэт тансаглалтай холбоотой "Орлогоо нотол" гэсэн иргэдийн шаардлага, залуусын жагсаалын хариуд МАН-ын бага хурал хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргаж, дангаар засгаа бүрдүүлэх тэс хөндлөн шийдвэр гаргаснаа зарласан. 

Одоогоор орлогоо нотлоогүй, үүнд хугацаа орно гэдгийг мэдэгдээд байгаа Л.Оюун-Эрдэнэ "Шударга тав" хэмээх жагсаалаар дамжуулж төрийн өндөрлөгт гарч ирсэн, Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүн. 

Яг өнөөдрийн байдлаар тэрбээр 1,577 өдөр Засгийн газрыг удирджээ. Хэний ч ажиллаж амжаагүй энэ урт хугацаанд түүний хийж чадсан болон чадаагүй ажлуудыг эргэн нэг дүгнэе. 

Засаг барьсан хугацаа: 

  • Д.Бямбасүрэн 679
  • П.Жасрай 1459
  • М.Энхсайхан 643
  • Ц.Элбэгдорж 230 
  • Ж.Наранцацралт 225 
  • Р.Амаржаргал 362 
  • Н.Энхбаяр 1486
  • Ц.Элбэгдорж 511
  • М.Энхболд 666
  • С.Баяр 706 
  • С.Батболд 1015 
  • Н.Алтанхуяг 819 
  • Ч.Сайханбилэг 595 
  • Ж.Эрдэнэбат 426 
  • У.Хүрэлсүх 1205 
  • Л.Оюун-Эрдэнэ 1577+ 

Эдийн засгийн сэргэлт

Цар тахлын үеийн эдийн засгийн уналтаас амжилттай гарч, сэргэлтийг авчран, өсөлтийг 3.8 хувьд хүргэсэн нь Ерөнхий сайд болмогцоо Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан "Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт" буюу Шинэ сэргэлтийн бодлогын нэг үр дүн гэж болно. Үүнийг тоон утгаар нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөс харж болно.

Боомтын сэргэлт 

Боомтын сэргэлтийн бодлогын хамгийн том амжилт гэж болох, 20 орчим жил яригдсан ч хэрэгжиж чадаагүй явж ирсэн Гашуунсухайт-Ганцмодны боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлж, Замын-Үүд боомтоос хойш 75 жилийн дараа урд хөрштэй төмөр замаар холбогдох томоохон ажлыг эхлүүлж чадсан. Боомтуудын үйл ажиллагааг эзэнжүүлж, сайжруулснаар гадаад худалдааг нэмэгдүүлсэн нь энэ бодлогын үр дүн байв. Нүүрсний экспорт түүхэндээ анх удаа 83 сая тоннд хүрсэн. 

Эрчим хүчний сэргэлт 

Олон жил орхигдож, алдагдлаасаа өндийж чадахгүй болсон байсан, стратегийн гол салбаруудын нэг болох эрчим хүчний реформыг эхлүүлж, зах зээлийн зарчимд шилжих голдиролд нь оруулж чадсан. Үүний үр дүнд иргэдэд хэмнэлтийн талаарх ойлголт бий болж, эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, шинэ эх үүсвэрийг нэмэх ажлууд эхлээд буй. Хамгийн чухал ажил нь Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулсан явдал байв. Энэ нь эрчим хүчний эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлж, горимын тохируулгыг Монгол Улс бие даан хийхэд чухал ач холбогдолтой төсөл юм.

Цахим засаглалын хөгжил 

E-Mongolia платформыг нэвтрүүлж, 1.95 сая хэрэглэгчтэй болсон бөгөөд төрийн 1263 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг цахимжуулж, авлигын эрсдэлийг бууруулах алхмууд хийсэн. Тухайлбал, Монгол Улс аж ахуйн нэгж байгууллагуудад 268 тусгай зөвшөөрөл, 122 энгийн зөвшөөрлийг олгож байна. Үүнээс 178 тусгай зөвшөөрлийг цахимжуулж, E-Business.mn сайтад нэгтгэсэн зэрэг нь иргэдийн цаг, мөнгийг хэмнэж, төрийн хүнд суртлыг бууруулах бодит алхам болсон. 

Баялгийн сан
Олон жил яригдсан Баялгийн сангийн тухай хуулийг шинээр баталж, иргэн бүр байгалийн баялгаас ногдол ашиг тодорхой хэмжээнд хүртэж эхэлсэн. Хэдийгээр нэг хүнд ногдох мөнгөн дүн хангалттай их биш, бүтээн байгуулалтад зарцуулах мөнгийг олон нийтэд үр ашиггүй тараалаа гэх шүүмжлэлийг дагуулсан ч баялгаас хүн бүр хүртэх боломжтой, эзэн нь гэсэн ойлголтыг бий болгож, хуримтлалын санг E-Mongolia системээр дамжуулан хянах боломжийг бүрдүүлсэн. 

Гэвч энэ хууль маргаан дагуулсан хэвээр байгаа. Учир нь Баялгийн сан бүрдүүлэх нэрээр олон жилийн өмнө хувьчилсан, тухайн үеийн хүчин төгөлдөр хуулийн хүрээнд компаниудад эзэмшүүлсэн тусгай зөвшөөрлөө буцааж, төрд 34-50 хувийг авах санаачилга гарган, нийгэмчлэх ажлыг эхлүүлэх оролдлого нь ардчиллын зарчмаасаа ухарсан үйл явдал болж буй.   

Гадаад харилцаа, хөрөнгө оруулалт 

Гадаад харилцааны түвшинд ахиц гарсныг шинжээчид онцолж буй. Ялангуяа, БНХАУ, ОХУ, Япон, Франц зэрэг улсуудаас өндөр түвшний айлчлалуудыг зохион байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн. Хамгийн том үр дүн нь, Оюутолгойн дараа бичигдэх,  гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалт болох Зөөвч-Овоо төслийг Франц улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадав. 

Гэвч түүний хийж чадаагүй ажлууд бас бий. 

 Авлигын эсрэг тэмцэл

Авлигын эсрэг бодлогоо зарлаж, тодорхой алхмууд хийсэн ч үр дүнд хүрсэн гэвэл өрөөсгөл. Авлигын хэргүүд бүрэн шийдэгдээгүй, шүүхийн шатанд удаашралтай байгаа нь олон. Түүнчлэн тэрбээр олон нийтийн боломжийг хулгайлсан хүмүүсийг засагтаа томилон ажиллуулсан. Тухайлбал, цар тахлын үед илтэд албан тушаалаа ашиглан давуу байдал олж авсан, сүүлд түймрийн үеэр аврагчдын нисдэг тэргийг ашигласан зэрэг удаа дараа нийтийн бухимдлыг төрүүлж буй С.Амарсайханыг Шадар сайдаар улираан ажиллуулсан. Ашиг сонирхлын зөрчлөөс гадна ёс зүйн зөрчил гаргаж байсан Ч.Номин, ЖДҮ-ийн сангийн нэн хөнгөлөлттэй зээл авсан Ж.Энхбаяр, ашиг сонирхлын том зөрчилтэй Б.Чойжилсүрэн нарыг кабинетдээ ажиллуулсан нь Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхгүй юм байна гэдгийн нотолгоо болсон. 

Нийгмийн тэгш бус байдал

Л.Оюун-Эрдэнийн Засгийн үед Монгол Улсын эдийн засагт маш олон эерэг үзүүлэлт, том тоонууд бичигдэн үлдэж буй. Харамсалтай нь энэ өсөлт иргэддээ хүртээмжгүй, орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин буурахгүй байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг шийдвэрлэж чадаагүйн нотолгоо юм. Ядуурлын түвшин 2018 онд 28.4% байсан бол 2022 онд 27.1% болж бага зэрэг буурсан. Гэсэн хэдий ч ядуу хүн амын тоо 914.2 мянга болж өссөн нь ядуурлын шугамыг шинэчлэн тогтоосонтой холбоотой. Өнөөдөр гурван монгол хүн тутмын нэг нь ядуу, тал хувь нь эдийн засаг хямрахад ядуурлын шугам руу орох эрсдэлтэй хэвээр байна. 

Хотын дэд бүтэц, түгжрэл

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилго тавьж зарласан ч бодит үр дүн гараагүй байна. Иргэдийн хамгийн гол үйлчлүүлдэг нийтийн тээврийн автобум шинэчлэх төсөл амжилтгүй болж, шүүхээр шийдэгдсэн. Мөн бодлого буруу хэрэгжиж байгаагийн илрэл нь авто машины импортын өсөлт юм. 

Түүнчлэн Улаанбаатар хотын утааны асуудал улам хүндэрсэн. Шахмал түлшний үйлдвэрлэлийн хяналт сул, чийглэг ихтэй зэргээс үүдэн угаарын хий ихээр ялгаруулах болсон. Энэ түлш утааг бууруулах шийдэл биш болох нь нэгэнт батлагдсан бөгөөд утааг бууруулахад зарцуулсан мөнгө үр дүнгүй нь ч нотлогдсон. Нөгөө талд угаарын хийн хордлогын тохиолдол 2019 оноос хойш 50% нэмэгдэж, 2017 оноос хой, 11 мянган хүн угаартаж, 779 хүн нас бараад байна. 

Олон нийтийг дуу хоолойг боомилох оролдлого

Аль ч Засгийн газрын үед байгаагүй, Л.Оюун-Эрдэнийн үед гаарсан нэг үзэгдэл нь олон нийтийн дуу хоолойг боомилох оролдлого бөгөөд мэдээллийг нэг урсгалаар өгөх буюу тархи угаах үзэгдэл. Цар тахлын үед төдийгүй одоо ч хэвлэл мэдээлэл, сошиал нөлөөлөгч, олны танил хүмүүсийг Засгийн газрыг сайшаахад ашиглах хандлага энэ цаг үед гаарсны дээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө шалгуулах хандлага дэлгэрсэн. Тийм ч учраас Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2020 онд 73-т бичигдэж байсан бол 2025 онд 180 улсаас 102-т бичигдэж, Ардчиллын индексээрээ мөн ухарч, аутократ орнуудын жагсаалтад багтав. 

Эцэст нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн сэргэлт, цахим засаглал, гадаад харилцаа зэрэг салбарт тодорхой ахиц дэвшил гаргаж ажиллажээ. Гэсэн хэдий ч авлигын эсрэг тэмцэл, нийгмийн тэгш бус байдал, хотын дэд бүтцийн асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадаагүй байна. Тэрбээр Ерөнхий сайдаас огцорсон ч дараагийн Засгийн газар “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нь дамжиггүй. 

Хамгийн гол нь иргэд эдийн засгийн тэгш хүртээмжтэй өсөлт, шударга нийгэм, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг л хүсэж байгаа билээ. 

Р.ОЮУН

Сэтгэгдэл үлдээх

Уул уурхай таатай мөчлөг таарсан. Хэн ч бсан энэ үзүүлэлт бол гарах бсан. Х

Зочин

Дэмжих үү?

0 1
Newsletter Subscribe