Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэх дөхлөө. Жил бүрийн зун сургууль, цэцэрлэгүүд их засвараа хийж, намар хичээл ороход будаг нь ханхалсан шинэ байр хүүхдүүдийг угтан авдаг. Тэгвэл гял цал хана туурганы цаана ямар аюул заналхийлдэг талаар Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзултай ярилцлаа.
- Сургууль, цэцэрлэгийн их засвараас үүдэлтэй дотоод орчны агаарын чанарын асуудал сүүлийн 2 жил яригдаж байна. Ер нь дотоод орчны агаарын чанарын бохирдол ямар эрсдэлийг үүсгэдэг юм бэ?
- Манай улсын нийт иргэдийн 50 орчим хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байгаа. Үүнээс ихэнх нь цэцэрлэг сургуулиар хүмүүжиж байна. Өөрөөр хэлбэл, өдрийн ухамсарт амьдралынхаа 8-10 хүртэлх цагийг нэг битүү орчинд буюу сургууль, цэцэрлэгт өнгөрөөж байна гэсэн үг. Зуны амралт эхлэхээр засварын ажил яригдаж эхэлдэг. Энэ засварын ажилд эцэг эхчүүд маш өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл засвар хийж байгаа бүтээгдэхүүнээс ялгарч байгаа бодисууд бидний хүүхдийн бие рүү орно гэсэн үг. Намар хичээл ороход будаг нь ханхалсан сургууль, цэцэрлэг хүүхдүүдийг угтаж авдаг. Тэр будгаар хүүхдүүд маань амьсгалж, уушги руу орон, бие эрхтэнд янз бүрийн асуудал үүсгэх магадлалтай. Бензол, толуол, формальдегид гэхчлэн дэлхий дахинд хавдар төрүүлэгчээр батлагдсан бодисууд нь будаг, шохой, цавуу зэрэг материалд байдаг. Энэ бодисууд нь засварын ажил хийгдсэний дараа байнга дээшээ дэгдэж байдаг идэмхий органик нэгдэл юм. Үнэр үнэртэж байна гэдэг нь тэр бодис дэгдэж байна л гэсэн үг. Энэ бодисоор амьсгалсан хүүхдийн цус руу хавдар төрүүлэгч бодис орж байна гэсэн үг. Ялангуяа формальдегид гэх бодис нь сонгомлоор цусны хавдар үүсгэгч юм. Тэгэхээр 2 настайгаасаа 12 дугаар анги төгстөл 10 гаруй жил намар болгон энэ хавдар төрүүлэгч бодисоор амьсгалаад байх юм бол хүүхдүүд хавдартай болох эрсдэлтэй.
- Төсвийн циклээрээ сургууль, цэцэрлэгийн засварыг зунаас нааш хийх боломжгүй гэдэг. Тэгэхээр үүнээс өөр ямар зохицуулалт байж болох вэ?
Төсвөөс аль сургуульд урсгал засвар хийх вэ гэдэг ажлыг баталж байгаа. Маш цөөхөн сургуулийн төсөв дүүрэг дээр тавигддаг. Том хэмжээний урсгал засваруудыг төсвөөс мөнгө авч хийж байгаа. Миний яриад байгаа зүйл бол зүгээр л ангийнхаа ханийг будах, сургуулийн коридор будах нь улсын төсвийг хүлээгээд байх шаардлагагүй. Эцэг эхчүүд санаачилга гаргаад, өөрсдөө мэдээлэлтэй байж, хяналтаа тавиад, жижиг хэлбэрийн засваруудаа сургууль амрангуут хийх хэрэгтэй. Тэгээд гялс хаалга, цонхоо онгойлгоод, дэгдэмхий химийн бодисуудаа дэгдүүлээд орхичих хэрэгтэй. Тэгвэл эхний 30 хоногтоо 70-80 хувь нь дэгдээд, 9 сард хичээл ороход 10 хувийн л дэгдэмхий бодисоор амьсгалах юм. Ингэснээр цус руу орж байгаа бодис төдий хэмжээгээр багасна гэсэн үг. Үүнийг эцэг эхчүүд ойлгоод ухамсарлаад хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эрсдэлийг бууруулах ёстой. БНХАУ-д шинэ байранд орох гэж байгаа хүмүүс байр ашиглалтад орсноос хойш 3 сарын дараа ордог. Учир нь дэгдэх ёстой юмнууд нь дэгдээд дуусчихна л гэсэн үг. Тэгэхээр 6 сарын 15-наас өмнө засвараа хийгээд дуусчихвал 8 сарын 15-н гэхэд хорт бодисын ихэнх хувь нь дэгдээд дуусчихсан байна гэсэн үг.
- Салбарын яамд нь энэ асуудалд хэр ач холбогдол өгч байна?
- Хувь судлаачийнхаа үүднээс энэ компанит ажлыг өөрийн санаачилгаар хийж байгаа. Уг асуудлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад өгсөн. Судалгаанд хамрагдсан 450 орчим байгууллагын 95 хувьд нь хавдар төрүүлэгч бодис дотоод орчинд илэрч байсан гэх дүгнэлтийг АШУҮИС, НЭМҮТ-д ч танилцуулсан. Энэ уулзалтын дараа Боловсролын яам, ЭМЯ, БХБЯ-ны сайд нар засварын ажлыг 7 сарын 1-нээс өмнө хийж, аль болох хор багатай засварын материал сонгоё гэж уриалсан хамтарсан тушаалыг 2 жилийн өмнө гаргасан. Хэдий энэ тушаал цаасан дээр гарсан ч бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа нь бага байна. Одоо сонгууль, улстөржилт чинь дууссан бол хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарцгаая. Зүгээр л зун хийдэг засвараа хавар хийе гэх уриалгыг эцэг эхчүүд гаргах хэрэгтэй.
- Хааяа толгой эргэх, дотор муухайрах мэдрэмж төрдөг шүү дээ. Эдгээр шинж тэмдгүүд дотоод орчны чанараас хамааралтай юу?
- Дотоод орчинд байгаа агаарын чанар муу байгаагаас үүдэн толгой эргэх, дотор муухайрах, ухаан алдах шинж тэмдгүүд илэрдэг. Ялангуяа хүүхдүүд маш хөдөлгөөнтэй байдаг учир цусны эргэлт нь хурдан байдаг. Тэгэхээр тухайн бодисууд нь хүүхдүүдэд илүү хурдан нөлөөлж байна гэсэн үг. Толгой эргэнэ гэдэг нь тухайн бодис нь цусан дотор ороод хариу урвал үзүүлж, бие өөрөө дохио үзүүлж байна гэсэн үг. БНСУ-д бүр нийтийн тээврийн дотоод орчны агаарын чанар, үзвэр, үйлчилгээний газрын дотоод орчны агаарын чанар гээд бүх орчны агаарын чанарын стандартыг тусад нь баталж, мөрддөг. Тэгэхээр зөвхөн сургууль, цэцэрлэг гэлтгүй дотор нь хүн байдаг бүхий л барилга, байгууламжид хамаатай асуудал. Иймд шинээр орон сууц барих, үйлчилгээний байгууламж ашиглалтад оруулахдаа 3 сарын дараа үйлдвэр, үйлчилгээгээ эхлэн, хүн оруулах хэрэгтэй. Иргэд ч өөрсдөө мэдээлэлтэй байж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой.
Манай улс одоогоор дотоод орчны агаарын чанарын стандартаа батлаагүй байгаа. Бараг 4 жил энэ стандарт хойшлогдож байна. Энэ бол лоббитой л холбоотой байх. Учир нь ийм стандарт батлагдчихвал барилгууд хэдэн сар хүлээж байж оршин суугчдаа оруулахаар эдийн засгийн эрсдэлд орчихно.
Дэлхий дахинд будаг, шохойтой холбоотой бодисын судалгааг 1960-1970 онд хийж байсан. Тэгэхээр манай улс орчны эрүүл мэндээр 50-60 жил хоцрогдчихсон явж байна. Бүр энэ талаар бодохыг ч хүсдэггүй. Шууд утгаараа бид юу ч мэдэхгүй хүүхдүүдийнхээ амьдралын жилээс л алдаж байна гэсэн үг.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх