JCI-ийн залуус Монголыг дахин олон улсын “тайз”-наа авчирна

.Graph
2025-05-26

Монголын манлайлагч залуус Монгол Улсыг олон улсын тавцанд дахин авчрах гэж байна. Дэлхийн залуусын хамгийн том, хамгийн хүчирхэг байгууллагын нэг болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулган Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сарын 12-15-нд болно. Энэ чуулган нь зүгээр нэг цуглаан, уулзалт биш. Том зургаар нь харвал Монголын нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүндэд бодит хувь нэмэр оруулах чухал үйл явдал хэдхэн хоногийн дараа манай улсад эхлэх гэж байна.

 Энэхүү чуулганд олон улсын 5000 гаруй манлайлагч оролцохыг зохион байгуулагчид мэдээлсэн. Ингээд бодохоор ирэх сард уг чуулгантай холбоотой гадаадын жуулчдын том давлагаа манайд бий болж, аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх нь тодорхой болж байна. Зөвхөн аялал жуулчлал гэлтгүй тээвэр, худалдаа, үйлдвэрлэл гээд олон салбарт уг чуулган эерэг нөлөө үзүүлэх нь. Энэ бол богино хугацааны үр дүн. Харин урт хугацааны, ул суурьтай үр дүнг тооцвол энэ чуулган дараах хэд хэдэн боломжийг Монгол Улсад авчрахаар байна.

Төгрөгийг аварна

Нэгд, энэ чуулган монгол төгрөгийн ханшийг хамгаална. Тийм ээ, та зөв сонссон. JCI байгууллагын бүсийн чуулган Монголд болсноор ам.долларын ханшийн өсөлтийг зогсоож, төгрөгийн үнэ цэнийг хамгаалахад томоохон түлхэц үзүүлнэ. Учир нь дэлхийн 70 гаруй орны салбар бүрийн шилдгүүд, сор болсон залуус Монголд чуулснаар тэд Монгол хэмээх улсыг бүс нутгийн төдийгүй олон улсын анхаарлын төвд оруулах боломж нээгдэх юм.

Хөрөнгө оруулалтын хямрал яг одоо Монгол Улсад нүүрлээд байна.  Монголыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт татарч, олон улсын хөрөнгө оруулагчид биднээс үргээд хэдэн жил боллоо. Оргил үе буюу 2011 онд бараг таван тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өдгөө 2-3 тэрбум ам.доллар болтлоо буураад байна. Үүний зэрэгцээ манай улсад үүр”-ээ засаад байсан олон улсын компаниуд ч нэг нэгээрээ Монгол дахь салбараа хааж, биднийг чимээгүйхэн орхисоор. Хэдийгээр төр засгаас хөрөнгө оруулагчдыг эргүүлэн авчрахын тулд Монголд ирээч хэмээн урьж залж, бүр гуйж гувшиж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй л байна.

Монголыг чиглэх хөрөнгө оруулалт татарч, валютын урсгал багасахын хэрээр дотоодод доллар ховордож, “ноён” доллар Монголын эдийн засагт эзэн суух нь холгүй боллоо. Өдгөө 3500 төгрөг хүртлээ чангараад буй ам.долларын ханш бол Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй байгаагийн илрэл. Тэгвэл энэ ээдрээт үед ийм том хэмжээний олон улсын чуулган Монголд болж буй нь манай улсыг олон улсад таниулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монголыг эргүүлэн моодонд оруулахад томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг бүс нутгийн бизнесийн анхаарлын төвд оруулах, олон улсын тавцан дахь Монголын нэр хүндийг өсгөх өрнүүн боломжийг монгол залуус эх орондоо авчраад буй нь энэ. 

Энэ чуулганыг зөвхөн зохион байгуулснаар Монголын эдийн засагт багадаа 16-18 сая ам.долларын урсгал орж ирэх тооцоо гарчээ. Мөн 18 мянга гаруй ажлын байр шууд идэвхжих урьдчилсан тооцоог ч гаргаад байгаа аж. Ингээд харахаар аль ч талаараа JCI байгууллагын бүсийн чуулган Монгол Улсад валютын урсгалыг татаж, төгрөгийн үнэ цэнийг хамгаалахад түлхэц үзүүлэх нь.

Түншлэлийг нэмнэ

Хоёрт, уг чуулган түншлэлийн боломжийг нээж, зах зээлийг тэлнэ. JCI-ийн бүсийн чуулганы үеэр оролцогчид зөвхөн чуулж, уулзаад зогсохгүй бизнесийн яриа хэлэлцээнүүд ч өрнүүлэх юм. Мөн энэ үеэр гарааны бизнесүүд “World Business Angel Investment Forum”-тай хамтарсан уралдаанд өрсөлдөж, бизнесийн санаагаа танилцуулж, дэлхийн алдартай бизнес эрхлэгчдээр шүүлгэж, хөрөнгө оруулалт босгох боломжтой. Ингээд зогсохгүй олон улсын сургалтуудад сууж, номын дуу сонсохоос гадна орон орны салбар байгууллагууд хамтран нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь нээлттэй.    

Өөрөөр хэлбэл, энэ чуулганы үеэр бизнесийн боломжууд “буцална” гэсэн үг. Уг чуулганд Япон, БНСУ, Сингапур гээд дэлхийн гол зах зээлүүдээс бизнесийн манлайлагчид, шинийг санаачлагчид, бүтээгчид ирж оролцоно. Тэдэн дундаас бизнесийн найдвартай түншээ, итгэлт хөрөнгө оруулагчаа олох боломжтой. Мөн тэдэнтэй хийх уулзалтаас ямар шинэ бизнесийн санаа, ямар ирээдүйтэй бизнесийн хамтрал төрөн гарахыг хэн ч таашгүй.

Энэ хэрээр Монголын залуус дэлхийтэй харилцаа холбоо тогтоох, шинэ санаагаа солилцох, бизнесийн хэлээр ярилцах өргөн боломжууд нээгдэнэ. Түүнчлэн зах зээлээ илүү тэлэх, гадаад зах зээл рүү гарах үүд хаалгыг ч энэ чуулган нээж өгөх нь

Монголын “имиж”: Улаанбаатарт уулзъя хө

Гуравт, уг чуулган Монголын имижийг улам тодотгоно. Монгол Улс “Азийн Швейцар” болох боломжтой. Өөрөөр хэлбэл, дэлхийн уулзах цэг, ойлголцох газар нь Монгол Улс байх бүрэн боломж бидэнд бий. Олон улсын түүхэн уулзалтууд, дэлхий дахины томоохон чуулганууд манай улсад болдог байж яагаад болохгүй гэж. Ийм имижийг бүрдүүлэхийг, ингэж эх орноо дэлхий нийтэд таниулахыг бид уг нь хүсдэг боловч тэр бүр санаснаар болдоггүй.

Тэгвэл бидний бүтээх гэж буй Монголын шинэ имижийг илүү тодотгоход JCI-ийн бүсийн чуулган бидэнд туслах юм. Энэ чуулганыг Монгол Улс амжилттай зохион байгуулж чадвал бид ажил хэрэгч, итгэл даахуйц, нээлттэй, аюулгүй, энхийг эрхэмлэгч орон гэдэг эерэг дүр төрхөө улам бататгаж чадна. Уг нь ийм боломж, тийм туршлага бидэнд бий. Бид өмнө нь Ази-Европын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулж байсан түүхтэй.   

Одоо харин JCI-ийн бүсийн чуулганаар дамжуулан өмнөх амжилтаа улам бататгах, өөрсдийн боломжоо илүү харуулах цаг нь ирээд байна. Цаашлаад Ази, Номхон бүсийн болон олон улсын хамтын ажиллагааны идэвхтэй оролцогч гэдгээ Монгол Улс батлан харуулах боломжтой юм. Энэ мэтээр дурдаад байвал дуусахгүй олон, шууд болон шууд бус нөлөөг JCI байгууллагын чуулганд манай улсад авчрах нь. Гэхдээ энэ бол монгол залуусын хичээл зүтгэл, эх оронч сэтгэл, идэвх санаачилгыг үр дүн гэдгийг мартаж болохгүй.

Эцэст нь, Монголын нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, олон улс дахь нэр хүндэд чухал ач холбогдолтой энэ чуулганыг амжилттай зохион байгуулах нь зөвхөн JCI Монгол байгууллагын 1500 гишүүний ажил биш. Харин эх орондоо, төрөлх хотдоо ийм том хэмжээний арга хэмжээг хүлээн авч буй та бидний оролцоо ч чухал гэдгийг ойлгох нь зүйтэй юм. Наанадаж, ирсэн зочдодоо найрсаг харилцах, чанартай үйлчлэх, эерэг хандахаас энэ бүхэн эхэлнэ ээ.

Сэтгэгдэл үлдээх

Oroltsoh bolomj bii yu? Yaj holbogdoj oroltsoh we?

B. Delgertsetseg

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe