Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт манай улсад хүрэлцэн ирсэн. Түүний айлчлал 25-28-нд үргэлжилнэ.
Энэ нь Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад ирж буй анхны төрийн айлчлал юм.
Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.
Мөн хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.
Айлчлалын талаар ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа ийнхүү хэллээ.
Австри бол Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнийн хоёр дахь улс. Хоёр талын дипломат харилцааны түүх жарнаар тоологдоно.
Энэ айлчлал бол нэг талаасаа Монгол Улсын Европ руу чиглэсэн бодлого эрчимжиж буйн шууд илрэл. Бид 2011 онд УИХ-аас баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоог "Гуравдагч хөрш" хэмээн нэр заан дурдсан байдаг.
Тэгвэл 2023 онд Монгол Улс, Францын Ерөнхийлөгч нар хэдхэн сарын зайтай харилцан төрийн айлчлал хийж, ураны салбарт хамтран ажиллах түүхэн тохиролцоонд хүрсэн. Мөн онд Польшийн Ерөнхийлөгч Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийж Монгол Улс дахь Элчин сайдын яамаа сэргээн байгуулсан.
Харин өнгөрсөн онд Европын холбооны хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн.
Тэгвэл энэ оны эхээр Францтай ураны салбарт хамтран ажиллах гэрээ эцэслэн байгуулагдаж, гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Чех, Польшт айлчилж, аль алинтай нь иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосон.
Монгол Улсын Европ руу чиглэсэн идэвхтэй, гадаад бодлогын үзэл санаандаа нийцсэн бодлогын үргэлжлэл нь Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений айлчлал болж байна.
Ван дер Беллен бол олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд онцгой анхаардаг улс төрч. Тэр ч утгаараа манай улсын энэ чиглэлээр гаргаж буй санаачлага, хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэг нь гарцаагүй.
Австри бол Европын холбооны гишүүн, дэлхийн тэргүүлэгч гучин эдийн засгийн нэг, дэлхийн сонгодог урлагийн гол төвүүдийн нэг, амьдралын чанарын индексээр дэлхийд дээгүүр бичигддэг орон. Соёлын хувьд дэлхийд танигдсан, бидэнд ч ойр улс. Өдгөө Монгол Улсын 2,600 орчим иргэн Австрид оршин сууж байна.
Александр Ван дер Беллен гэж хэн бэ
1944 оны 1-р сарын 18-нд Вена хотод төрсөн. Түүний эцэг эх нь Орос болон Эстони гаралтай бөгөөд Зөвлөлтийн түрэмгийлэлээс зугтаж, Австри улсад дүрвэн ирсэн. 1958 онд Австрийн иргэншлийг гэр бүлийн хамт авчээ. Өвөг дээдэс нь 18-р зуунд Нидерландаас Оросын эзэнт гүрэнд нүүж ирсэн язгууртны гэр бүлээс гаралтай. Түүний өвөө Александр фон дер Беллен нь Псков мужийн иргэний захиргааны тэргүүнээр ажиллаж байжээ.
Түүний эхнэр, Австрийн тэргүүн хатагтай Дорис Шмидтауэр 1999–2018 онд Ногоон намын Парламентын бүлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тэд 2015 онд гэрлэж, 2017 оноос хойш Австрийн тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байна.
Улс төрийн намтар
1994 онд Австрийн Үндэсний Зөвлөлд (парламент) сонгогдсон
1997–2008 онд Ногоон намын холбооны төлөөлөгч, парламентын бүлгийн даргаар ажилласан
2012–2015 онд Вена хотын парламент, хотын зөвлөлд гишүүн
2016 онд бие даан нэр дэвшсэн
2017 оны 1-р сарын 26-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн
2022 оны сонгуульд анхны шатанд 56.7% санал авч, дахин сонгогдсон
Түүнийг “Ажилдаа метрогоор явдаг, хотоор ямар ч хамгаалалтгүй алхаж, тэжээвэр амьтныг хайрладаг гэдгээрээ Австридаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй” хэмээн GoGo.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн тодотгожээ.
Сэтгэгдэл үлдээх