“Анализ - Засаглал ба зах зээл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар сагсан бөмбөгийн спортын талбарт өрнөж буй өрсөлдөөн, хөрөнгө оруулалт, зах зээлийн тэлэлт, салбарын хөгжлийн шинэ шат, цаашдын менежментийн талаар Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Төгсжаргал, Уранган Группийн Гүйцэтгэх захирал Л.Золбоо нартай ярилцжээ. Тэдний ярианаас голлох сэдвүүдийг тоймлон хүргэж байна.
Монголын Сагсан бөмбөгийн Холбооны ЕНБД С.Төгсжаргал:
-Монголын Сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ бүтцээ шинэчлэснээс хойш 3 дахь жилийнхээ ард гарч байна. Өнгөрсөн жил 13 баг оролцож байсан бол энэ жил 10 баг оролцсон. Түүнчлэн олон улсын хоёр лигт манай улсын лигийн багууд оролцдог боллоо. Шинэ хуулиар татварын нэг хувийн буцаан олголт олгодог болсноос хойш лигийн багуудад спонсорууд нэмэгдсэн.
Уг нэг хувийн буцаан олголт спортод маш их тус дэм болж байгаа гэдгийг багуудад ирж байгаа спонсоруудын саналууд, хувцасны брендинг дээр ажиллаж байгаа хамтын ажиллагаануудаас харж болно. Багуудын хувьд монголдоо томоохонд тооцогддог байгууллагууд буюу ТОП-100 ААН-үүдтэй хамтарч ажиллаж байгаа.
Тоглолтын тасалбар борлуулалт
Үндэсний дээл лигийн үзэгчдийн тоог улирал улирлаар багцлан, дундажлавал:
Үүнээс эрэгтэй үзэгч 55 хувийг, эмэгтэй үзэгч 45 хувийг эзэлж байна. Мөн суудлын борлуулалтын 57 хувийг хувь хүн, 43 хувийг байгууллага авдаг аж.
Хоёрдогч зах зээл - Zary.mn
“Уранган” группийн гүйцэтгэх захирал Л.Золбоо:
- Тоглолтын тасалбарыг нэг давхарт хэвлэгч барьчихсан шагийн худалдаачид хэвлээд зогсож байсан. Үүнээс үзэгчид хохирох асуудал үүсэж байгаа юм. Тиймээс хоёрдогч зах зээлийн платформыг тэр үеэс хөгжүүлж эхэлсэн. Ийнхүү энэ жилийн Play-Off-ийн үеэр хөгжүүлэлт дуусаж, зах зээлд нэвтрүүлсэн. Гэхдээ хөгжүүлэлтийн зарим нэг дутагдалтай зүйл гарч, хэрэглэгчид маань ч үүнд бэлэн биш байсан тул “арай болоогүй юм байна” гэж үзээд түр хойшлуулсан. Гэхдээ хоёрдогч зах зээл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс ирэх жил дахин нэвтэрч магадгүй.
Үндэсний дээд лигийн шагналын сан хэрхэн өөрчлөгдөв
Монголын Сагсан бөмбөгийн Холбооны ЕНБД С.Төгсжаргал:
- Өнгөрсөн жил тасалбарын орлогынхоо тодорхой хувийг тамирчдад тоглосон минутаар нь хуваарилж өгсөн. Энэ жил шагналын сан хэвээрээ. Үүн дээр тойргийн тоглолтынх нь амжилтад үндэслэн 725 сая төгрөгийг хуваарилж өгсөн. Мэдээж тасалбарын орлогоос хуваарилагдаж байгаа. Тойргийн тоглолтуудыг үнэ цэнтэй болгосноор тоглолт бүр сонирхолтой болж байгаа. Өөрөөр хэлбэл, байр солигдохоос үүдэж тухайн багийн амжилт яригддаг байсан бол нэмээд мөнгөн урамшуулал нь өөрчлөгдөж байгаа тул багуудад тоглолт бүр нь чухал ач холбогдолтой болж байгаа гэсэн үг.
Шүүгчидтэй холбоотой маргаан ба нөлөөлөл
Монголын Сагсан бөмбөгийн Холбооны ЕНБД С.Төгсжаргал:
- Лиг бол яг олон улсын стандартын дагуу явж байгаа. МСБХ бол Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны гишүүн байгууллага. Шүүгчийн хувьд ч олон улсын стандартаар явж байгаа. Сүүлийн хоёр жил дандаа гаднын шүүгчдийг авчирч байгаа. Шүүгчдийг Fiba Asia-гаас томилдог. Fiba Asia-руу манай тоглолтын тайлан мэдээллүүд ч очдог.
Өмнө нь бол шүүгчдээс гүйлтийн тест авч байгаагүй. Шүүгч нар тамирчдаас илүү гүйдэг, байнгын бэлтгэл шаарддаг. Тиймээс стандартынхаа дагуу бичгийн, гүйлтийн шалгалтуудыг авч, тоглолт бүрийн дараа дүгнэлт, анализ хийгддэг. Мөн тасралтгүй сургалт явуулдаг. Шүүгчийн ажил олон нийтийн нүдэн дээр ил байж болдоггүй. Яагаад гэвэл хэнээс ч хамааралтай байх ёсгүй. Яг өөрийн бие даасан шийдвэрээ гаргадаг. Холбооны хүмүүс байтугай хажуу дахь шүүгч нь ч нөлөөлөх ёсгүй. Мэдээж шүүгч нар зарим талаараа алдаа гаргасан байна гэх дүгнэлт гарвал шүүгч нартаа шийтгэл оноодог. Тэрийг олон нийтэд ч, багуудад ч зарладаггүй. Шүүлтийн хувьд ирэх жил ч энэ стандартаараа явна. Ирэх улирал 3 олон улсын шүүгчтэй болох гээд сургалтад хамруулж байна.
Сүүлд Б.Тулуйтай холбоотой хөөгдөх алдаа гарсан. Энэ нь санаандгүй байсан ч тухайн тамирчныг бэртээж байгаа үйлдэлд спортын бус алдлаа өгдөг болчихсон. Агуулгаараа бол ямар ч хүн бэртэх ёсгүй. Санаандгүй ч гэсэн хүн бэртээж болохгүй. тоглогчид ч нэгнийгээ бэртээхээс болгоомжилж байх ёстой гэсэн үг. Тэр агуулгыг өгөх үүднээс дүрэмд өөрчлөлт орчихсон. Тухайн үед мэдээж шүүгч нууцын зэрэглэлтэй ажил хийдэг учир тайлбар өгөөгүй. Тухайн тоглолтыг хэн шүүх вэ гэдэг нь ч яг тоглолт эхлэхийн өмнө шийдэгддэг.
EASL ба BCL-ийн талаар
Үндэсний дээд лигийн 9 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” Зүүн Азийн Супер лиг /EASL/-д шалгарсан монголын анхны баг болсон.
Монголын Сагсан бөмбөгийн Холбооны ЕНБД С.Төгсжаргал:
- EASL-д оролцох баг 3 удаа зочин багаар явж, 3 удаа эзэн багаар улсдаа хүлээн авч тоглоно. 3 удаа зочин багаар явж тоглох бүх зардлыг EASL-аас дааж байгаа. Тоглосон тоглолт бүртээ 10 мянган ам.доллар, хэрэв хожвол 20 мянган ам.доллар авна.
“Уранган” группийн гүйцэтгэх захирал Л.Золбоо:
Хасын хүлэгүүд, M Bank arena-гийн хамтралын хүрээнд BCL-ийн 5 сарын 30, 31-нд болох финалын тоглолтуудын эрхийг FIBA-аас 100 мянган ам.доллароор худалдан авч байгаа. Мөн тэмцээнд ирэх шүүгчид, арын албаныхны бүх зардлыг баг өөрөө хариуцдаг. Тиймээс нэлээдгүй өндөр зардал гардаг учир баг дангаараа дааж явахад хүндрэлтэй. Тиймээс M Bank arena-гийн хувьд клубээ дэмжин, аль болох алдагдалгүй давахад нь хамтран ажиллаж байгаа.
Ташрамд, МСБХ Олимп, дэлхийн наадмуудад тоглолт наймаалцах байдлыг хянадаг FIBA-ийн “GENIUS” байгууллагатай хамтран ажиллаад 3 жил болж байна.
“Анализ - Засаглал ба зах зээл” нэвтрүүлгийн 12 дахь дугаарыг үзэх бол энд дарна уу.
Сэтгэгдэл үлдээх