Д.Оргил: АН, ХҮН Засгийн газарт байх эсэх нь УИХ-аар шийдэх асуудал биш

Ц.Чимэдцэеэ
2025-06-02

-Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ нөхцөл байдлыг та хуулийн үүднээс хэрхэн үнэлж байна вэ?

-Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэл байдаг. Нэгд, өөрийн хүсэлтээр. Хоёрт, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг цуглуулаад асуудал оруулж ирэх. Гуравт, итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх. Үүсээд буй улс төрийн нөхцөлд эхний хоёр хувилбарын аль нэгээр Засгийн газар огцрох эсэхийг хэлэлцэх ёстой боловч, харамсалтай нь гурав дахь хувилбар руу түлхчихлээ. 

-Гэхдээ энэ удаа асуудал бодлогын чанартай гэхээсээ хувь хүний асуудалтай холбоотой байгаа нь сонирхол татаж байна. Судлаачийн хувьд дүгнэвэл?

-Тийм ээ, яг гол асуудал нь Ерөнхий сайдын гэр бүлийнх нь хэрэглээ, орлогоо нотолж чадаагүйтэй холбоотой. Залуучуудын жагсаал ч үүнтэй холбоотой өрнөсөн. Угтаа бол бодлогын асуудал биш. Гэхдээ Ерөнхий сайд үүнийг итгэл хүлээлгэх асуудал болгон оруулж ирсэн нь шаардлагагүй, сунжирсан урт процессын эхлэл болчихлоо гэж үзэж байна.

-Энэ зохицуулалт амилж буй анхны тохиолдол гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд 2019 онд илүү боловсронгуй болж, нэмэгдэж орсон. Ерөнхий сайд өөртөө итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өргөн барьж болно. Төсвийг нь баталж өгөхгүй, эсвэл бодлогын тодорхой асуудлыг УИХ дэмжиж өгөхгүй тохиолдолд энэ итгэл үзүүлэх эсэх асуудал оруулж ирдэг. Гэтэл тогтоолдоо дурдсан бүх асуудал нь УИХ-аар аль хэдийнээ дэмжигдсэн асуудлууд юм.

-Байнгын хороо, чуулганы хэлэлцүүлгийн хувьд ямар процесс явагдах вэ?

-Эхлээд байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлт гаргана. УИХ-ын чуулганд заавал оруулна. Байнгын хороо дээр шийдээд зогсохгүй. УИХ-ын олонхын саналаар батлагдвал Ерөнхий сайд хэвээр үлдэнэ, эсрэгээрээ бол огцорно. Гэхдээ Ерөнхий сайдын өргөн барьсан тогтоолын төсөл нь Үндсэн хуульд заасан итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулах үндэслэл байгаа юу гэдгийг авч үзэх ёстой. Төсвийн эсвэл бодлогын тодорхой асуудлаар гэж Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн байхад, аль хэдийнээ УИХ-аар батлагдсан асуудлуудыг дурдаж, үүсээд буй улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гэж заасан нь Үндсэн хуульд нийцэж буй эсэх нь эргэлзээ төрүүлж байна. 

-Судлаачийн хувиар дүгнэхэд өөр сонголт байсан болов уу?

-Улс төрчийн хувьд илүү зөв алхам нь ёс зүйн хариуцлагаа хүлээгээд өөрөө огцрох байсан болов уу гэж харж байна. Ер нь бол орлогоо ил тод нотлох ёстой. Хэрэв чадахгүй бол хариуцлага хүлээх нь зүй. Итгэл хүлээлгэх асуудал болгож хувиргасан нь улс төрийн соёл талаасаа эргэлзээ төрүүлж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe