Монгол бөхийн түүхнээ Жигжидийн Мөнхбат хэмээх алдараа мандуулж, хэн хүний хүсэж зүрхлэмгүй оргилд дархан цолоо дуудуулсан эрхэм хүний амьдралын замналыг өгүүлье.
Энэ бол Монгол Улсын Дархан аварга, олимпийн мөнгөн медальт, үндэсний бөхийн зургаан удаагийн түрүүтэй домогт бөх.
Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж өссөн тэрээр 1960-аад оноос эхлэн Монголын үндэсний бөхийн талбарт хүч үзэж, 1963-1967, 1974 онуудад нийт зургаан удаа Үндэсний их баяр наадамд түрүүлсэн юм. Тэрээр 1966 онд Монгол бөхийн дээд цол болох “Дархан аварга” хэмээх эрхэм алдрыг хүртсэн анхны хүн билээ.
Түүний алдар гавьяа зөвхөн үндэсний бөхөөр хязгаарлагдсангүй. Чөлөөт бөхийн спортоор олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож, 1967 онд анх удаа ДАШТ-ээс улсдаа хүрэл медальтай ирж байв. Мөн 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, Монголын анхны олимпийн медальтнуудын нэг болсон түүхтэй.
Түүний амжилт, ур чадвар, хүн чанар нь үе үеийн бөхчүүд, спорт сонирхогчдын бахархал байсаар ирсэн төдийгүй 1994 онд 53 насандаа улсын баяр наадамд 6 даван шөвгөрч, олон түмнийг гайхашруулсан нь дахин нэг монгол түмний бахдалыг төрүүлсэн явдал байв.
Ж.Мөнхбат аварга Монголын спорт, үндэсний бөхийн хөгжилд оруулсан гавьяагаа үнэлүүлж, “Гавьяат тамирчин”, “Хөдөлмөрийн баатар”, “Даяар дуурсагдах, далай даян, дархан аварга” хэмээх эрхэм цол хэргэмийг түвшин дөлгөөн эр хүний жудаг, даруу төлөв зан чанараараа өндрөөс өндөрт өргөсөөр 2018 оны 4 дүгээр сарын 9-нд 76 насандаа тэнгэрт дэвшсэн юм.
Үргэлжлэл болсон хүү М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмод Хакухо нэрээр алдаршсан нь удам дамжсан ухаан, бяраар урласан ур чадвар, үлгэр дуурайллын тод жишээ.
Испанийн Барселона, Английн Манчестер, Бразилын Рио-де-Жанейро хотуудын төв цэнгэлдэх хүрээлэнд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчдынхаа хөшөөг сүндэрлүүрлэн хүндэтгэл үзүүлдгийн адилаар тун удахгүй Жигжидийн Мөнхбат гэх эрхэм хүмүүнийг алдаршуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд хүндэтгэлийн гэрэлт хөшөөг сүндэрлүүлэх гэж байна.
Ийнхүү үндэсний бахархал болсон домогт бөх Ж.Мөнхбатыг Graph.mn сайт #BioGraph буландаа онцолж байна. Монгол бөхийн түүхэн замнал, үндэсний бахархлыг илэрхийлсэн аваргын амьдрал олон залуусын итгэл, урам зоригийн эх булаг болох биз ээ.
Сэтгэгдэл үлдээх