Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдсон Цэндийн Цогт гэж хэн бэ

Ц.Чимэдцэеэ
2026-06-08

Энэ бол Цэндийн Цогт. 1998 оны МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч.

Сургуульдаа багшаар үлдэж, мөрөөдлөө биелүүлэхээр болсон ч гэртээ амрахаар Архангай явчихаад ирэхэд нь нөхцөл байдал буруугаар эргэсэн гэдэг. Мастерын зэргээ хамгаалаагүй, англи, герман хэлгүй гэх шалтгаанаар түүнийг өөр хүнээр сольсон байжээ.

Түүний богцод “Б” хувилбар буюу шүүгч болох төлөвлөгөө байсан хэдий ч нэн тэргүүнд багш болно гэдэгтээ л тууштай зогсож, мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэсэн.

Энэ хооронд олон ч алдсан гэдгээ ний нуугүй ярьсан.

Нийгмийн сүлжээ буюу өөрийн X дэх хаягтаа идэвхтэй түүнийг Монголын хамгийн нээлттэй шүүгч гэж тодорхойлсон ч болно.

“Do know what i am saying” гэснийг “Do know БАРАМСАЙ” гэж сонсож хүртэл англи хэл сурахдаа хөглөснөө олон нийтэд хуваалцсан бичлэг нь одоо ч цахим сүлжээнд бий.

Өнөөдөр Цэндийн Цогт багш олон шавьтай, тэдгээртээ хайрлагдсан, шударга үнэнч, зарчимтай гэдгээрээ алдартай байгаад зогсохгүй зарим шавь нь түүнийг эрвээхий зангиатай шүүгч хэмээн цаашлуулах нь ч бий.

Үүний хажуугаар шүүхийн ажилтай хутгалдах гараагаа 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллан эхлүүлж, 2004 оноос хойш захиргааны хэргийн шүүхийн шат дарааллынх нь дагуу

  • Анхан: 2004-2011
  • Давж заалдах: 2013-2020
  • Хяналтын: 2020-с өнөөдрийг хүртэл хэмээн ахиж дэвшсээр
  • 2026 оны зургаадугаар сарын 3-ны Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын саналаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид сонгогдоод байна.

Энэ бол түүний шүүх эрх мэдлийн салбарт хууль дээдлэх зарчим, шударга ёсны үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэр, онол практикийг хослуулсан мэдлэгээрээ үнэлэгдэн хүлээн зөвшөөрөгдсөний илрэл.

Залууст хөрвөх чадвартай байгаарай хэмээн захисан түүний бас нэг нууц чадвар бол технологийн хорхойтон гэж байгаа. Шүүхийн тогтолцоонд шүүгчийг санамсаргүй байдлаар буюу хүний оролцоогүй, шударга хуваарилах цахим системийг бодолдоо тээж, олон арван удаа оролдож үзсэн туршлага ч бий.

Түүний энэ санаа өдгөө ажил хэрэг болсон билээ. 

Энэ мэт зөвхөн хэрэг маргаан шийдвэрлэснээр хязгаарлагдахгүй шүүхийн шинэчлэл, эрх зүйн боловсрол, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиглэлээр олон судалгаа, сургалт, арга зүйн ажилд оролцож, залуу хуульчдыг бэлтгэхэд анхаарч иржээ.

Ийнхүү шударга, бие даасан, хараат бус шүүхийн төлөө цохилох зүрхтэй Цэндийн Цогтыг Graph.mn сайт #BioGraph буландаа онцолж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe