Энэ бол Сангажавын Баярцогт. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга.
1967 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, 1984 онд Сэлэнгийн арван жилийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэжээ. Ингээд Москва руу сургуульд явахад түүний ээж гурван зүйлийг захисан гэдэг. Нэгд, архи ууж болохгүй. Хоёрт, орос эхнэр авахгүй. Гуравт, наймаа хийж болохгүй гэж. Ингээд Москвад сурч байхдаа гэр бүл зохиож, том хүүгээ өлгийдөн авсан. Тиймээс гэр бүлдээ нэмэлт орлого олох шаардлагатай нүүр тулж, үүрийн таван цагт сонин тарааж, амралтын өдрүүдэд хүнд хүчир гэлгүй вагон буулгах ажил хийдэг байлаа. Ийнхүү 1989 онд сургуулиа эдийн засагч, багш мэргэжлээр амжилттай төгссөн юм.
С.Баярцогтын анхны ажил нь Улсын нэгдсэн тусгай эмнэлэгт байлаа. Тэнд жил хэртэй ажиллаад 23-хан насандаа Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсоноор улс төрд хөл тавьжээ. Тэрээр Монголын түүхэнд хамгийн залуугаараа төрийн түшээ болсон нэгэн. 1992 он хүртэл депутатын ажлаа хийж дуусаад, анхны ардчилсан сонгуульд орж ялагдав. Ингээд дахин суралцаж, 1996 онд Германд Бизнесийн удирдлага мэргэжилтэй болоод 1996 оны сонгуульд өрсөлдөж, УИХ-ын гишүүн болжээ. Улмаар 2000 онд Америк улсыг зорьж, Колумбын их сургуульд Эдийн засгийн бодлогын менежментээр магистрын зэргээ хамгаалав. Үүгээр түүний сурах чин хүсэл зогссонгүй, 2003 онд МУИС-ийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр бас төгссөн байна. Тэрээр 36 нас хүртлээ эдийн засаг, менежмент, хуулийн чиглэлээр суралцжээ.
С.Баярцогтын улс төрийн карьер Монголын ардчилалтай тэнцүү, 36 жил. 1990 онд эхэлсэн түүний улс төрийн карьер үнэндээ 2016 он хүртэл мандаж явсан. 26 жилийн хугацаанд тэрээр УИХ-д таван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр дөрвөн удаа ажиллахдаа Оюу толгойн гэрээг байгуулалцаж, Их өрийг тэглэж, төсвийг шинэчилж, Хөгжлийн банкийг байгуулж явлаа. 2016 оны сонгуулиар төрөлх тойрог Сэлэнгэ нутагтаа ялагдсанаар мандаж явсан карьер нь хамгийн доод цэгтээ хүрсэн.
Учир нь түүнийг хятадын эрлийз, Оюутолгойн гэрээг Монголдоо ашиггүй хийсэн, оффшор дансанд мөнгөө нуугаад баригдсан, төрсөн нутгийнхаа Ноён уулыг ухуулах гэж байгаа зэрэг худал хов живүүд аль хэдийн намагт живүүлсэн байлаа.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр үнэндээ
С.Баярцогт тухайн үед нэрт нийтлэлч Г.Отгонбаяр агсанд өгсөн ярилцлагаараа энэ бүхнийг худал хэмээн няцааж, бүхнээ тайлбарлаж байсан ч хэн ч түүнд итгээгүй. Тэрээр “Өнөөдрийн миний эсрэг, сөрөг гэж байгаа бүхнийг би нэр хүндтэй, ёс зүйтэй давж ард нь гарч чадна гэдэгтээ өчүүхэн ч эргэлздэггүй, үнэн миний талд байгаа” хэмээн ярьж байжээ.
Өнгөрсөн 10 жил тэрээр намаасаа хөөгдөж, хууль хяналтын байгууллагад шалгуулж, шоронд хүртэл орсон ч үнэн ялсан билээ. Тэрээр 2020 онд намын гишүүнчлэлээ сэргээж, улс төрд идэвхжиж эхэлсэн ч төдийлөн амжилт олоогүй. Ингээд тэрээр тасралтгүй явсны эцэст 2026 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсноор улс төрийн карьертаа шинэ хуудас нээгээд байна. Магадгүй, тэр одоо л эхэлж байж ч мэдэх юм.
Сэтгэгдэл үлдээх