1961 оны Монголын бүх ард түмний анхдугаар наадмын үндэсний бөхийн тойргийн барилдаанд 19 насандаа түрүүлж, сумын заанаас улсын заан цол хүртэж байсан домогт аварга бол Ж.Мөнхбат билээ.
Тэрээр Төв аймгийн Эрдэнэсант сумын Хадан хошуу хэмээх газар Чанцал, Хажид нарын 10 дахь хүү болон мэндэлсэн ч нагац ах Жигжид нь үрчлэн авчээ.
Тив, дэлхийд монгол бөхийн гайхамшгийг таниулж, олимпоос мөнгөн медаль хүртэж байсан түүнийг “Жигжидийн нүдний булай хүн болохгүй” гэж айл саахалтынхан нь ярьдаг байсан гэнэ. Гэвч тэрээр тайж гаралтай Тангад ламаар бөхийн эрдэм заалгаж, Монгол Улсын ирээдүйн гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга болох эхлэлээ тавьсан юм.
Долоодугаар ангидаа улс, аймгийн цолтнуудтай тойргийн барилдаанд зодоглож, улсын начин Г.Бат-Эрдэнэтэй хоёр цаг гаруй барилдаад хаялцалгүйгээр начныг сандаргаж, барилдаанаа орхиход хүргэсэн байдаг.
Ийнхүү дуулиан шуугиантай бөхийн ертөнцөд хөл тавьж байсан тэрээр улсын наадмын зүлэг ногоон дэвжээнд зургаа түрүүлж, дөрөв үзүүрлэж, 23 шөвгөрсөн түүхэн амжилтын эзэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа зургаа даван шөвгөрч, монгол бөхийн уран мэх, хурц ухааныг дахин гайхуулж байв.
Бөх сонирхогчид гэлтгүй Монголын ард түмний дунд түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл үлгэр домог мэт яригддагийн нэг нь “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм” гэх алдарт үг аж. Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяраар Туул гол үерлэснээс болж наадам хэд хоног хойшилж, улмаар Спортын төв ордонд бөхийн барилдааныг үргэлжлүүлжээ. Энэ үеэр Мөөеө аваргаас болж дөрвийн даваа эхлэхгүй удаж, дарга цэрэггүй бүгд уурлаж, учраа таарсан Д.Дамдин аварга түүнийг шавдуулахад дээрх үгийг хэлсэн аж.
Уран хурц барилдаанаас гадна цэцэн цэлмэг үгтэй тэрээр монгол үндэсний бөхийн түүхэнд ийнхүү домог мэт мөнхөрсөн юм.
Мөнх бусын амьдралд мөнхөд дурсагдах гавьяатай Мөөеө аварга 2018 онд тэнгэрийн орныг зорьсон ч удам залгаж, гал тасалж төрсөн хүү М.Даваажаргал нь Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна болсон байна. Харин өнөөдөр Ж.Мөнхбат аваргын гавьяаг мөнхөлсөн аварга хөшөөний нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Ёслолд их аваргын гэргий, хүү М.Даваажаргал, үндэсний бөхийн өв соёлыг үргэлжлүүлэн яваа үе үеийн хүчтэнүүд хүрэлцэн ирж, түүнийг дурсан сууна. Мөөеө аваргатай эргээд уулзсан мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү урлагийн бүтээлийг уран барималч Ж.Түмэнчулуун урласан байна.
Эх сурвалж: П.Лхагважаргал | Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл үлдээх