О.Сийлэгмаа: БЗС-д 7 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн

Ц.Чимэдцэеэ
2025-06-06

2025 он дундаа орж буй энэ үед Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл эргэн төлөх, зээлээс чөлөөлсөн 7 сайдын тушаал, журам шинэчилсэн зэрэг асуудлаар Гүйцэтгэх захирал О.Сийлэгмаатай ярилцлаа.

– Энэ оны хагас жилийн байдлаар Боловсролын зээлийн сангийн гол ажлуудаас товчхон дурдвал?

– 2025 оны эхний хагас жилд бид Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд олон чухал шинэчлэл хийж, үр дүн гаргалаа. Нэн түрүүнд 2008 оноос хойш хэрэгжээгүй байсан зээлийн мэдээллийг Монголбанк руу нийлүүлэх ажлыг 2024 оны тавдугаар сард эхлүүлж, нийт 14,000 иргэний 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг бүртгүүллээ. Энэ оны дөрвөн сард холбогдох журмаа шинэчлэн батлуулсан.

– Энэ ажлын үр дүн шууд мэдрэгдсэн үү?

– Мэдээж хэрэг. Эргэн төлөлт 2025 оны эхний таван сарын байдлаар 7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 81 хувиар өссөн. Энэ нь мэдээллийн ил тод байдал, Э-Монголиа системээр дамжуулсан мэдэгдлүүдтэй холбоотой.

– Журмын шинэчлэлд ямар гол өөрчлөлт орсон бэ?

– Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн таван төрлийн үйлчилгээ шинээр бий болголоо. Хоёрдугаарт, сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимжуулсан. Мөн барьцаанд байсан дипломыг нь иргэдэд буцаан олгох ажил эхэлсэн. Түүнчлэн эргэн төлөлтийн хуваарийг Э-Монголиа системд оруулж, хүндрэлгүй цахимаар авах боломж бүрдүүлсэн.

– Зээлийн эргэн төлөлттэй холбоотой зөрчил, хүндрэл хэр их байна вэ?

– Ялангуяа гадаадад суралцсан зээлдэгчид “би зээл аваагүй”, “энэ бол тэтгэлэг байсан” гэж маргаан үүсгэдэг. Тооцоо нийлсэн акт, баримттай байсаар атал гарын үсэг зурахаас татгалзах тохиолдол ч гарч байна. Гэвч Монголбанкны мэдээллийн санд оруулсан учраас зээлийн ангилал, оноо буурч эхэлж байгаа. Энэ бол хариуцлагын систем.

– Зээлээс чөлөөлөх шийдвэртэй холбоотой асуудлуудын талаар?

– 2013–2023 оны хооронд нийт долоон сайдын тушаалаар 1,000 гаруй хүнийг зээлээс чөлөөлсөн. Үүнд хяналт, үнэлгээ хийгдээгүй, гэрээ дүгнэгдээгүй байдал тогтоогдсон. Тиймээс энэ оны 5-р сарын 7-нд Засгийн газрын хуралдаанд зээл чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгох асуудал орсон. Одоо бид тухайн иргэдийн гэрээг дүгнэж, үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоож, шударга байдлыг хангана.

– Ирээдүйд төлбөрийн чадваргүй оюутнуудад ямар зохицуулалт бий вэ?

– Шинэ журмаар зээлийн эргэн төлөлтийг 20 хүртэл жилээр сунгах боломжтой болсон. Мөн гадаадад төгсөөд эхний гурван жил мэргэжлээрээ ажиллан орлогоо тогтоовол, дараа нь зээлээ эргэн төлөх нөхцөл бүрдсэн. Зээл авсан иргэн гэрээгээ биелүүлээгүй бол хоёр жилийн дотор төлөх ёстой болсон.

– Цахим системийн давуу тал юу вэ?

– Хамгийн гол нь иргэн заавал олон баримт бичиг цуглуулах шаардлагагүй болсон. “ХУР” системээс мэдээллийг татаж авдаг. Мөн сонгон шалгаруулалт автоматаар явагддаг. Хувь хүний оролцоо байхгүй тул шударга, нээлттэй, хөндлөнгийн нөлөөгүй болсон.

– Засгийн газар огцорсон. Энэ хөдөлгөөнтэй холбоотойгоор таны ажилд нөлөөлөх үү?

– Би жирийн төрийн албан хаагчийн хувьд хүлээсэн үүрэг, эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой гэж үздэг. Алдаа гаргаагүй, үр дүн гарч байвал ажил үргэлжлэх ёстой. Хэн байх нь хамаагүй, бидний эхлүүлсэн шинэчлэл цааш үргэлжлэх учиртай.

– Баярлалаа.

–Баярлалаа. Боловсролын зээлийн сан бол олон мянган залуусын ирээдүйтэй холбоотой чухал бодлого. Үүнийг ил тод, шударга, хариуцлагатай байлгахын төлөө бид бүхнээрээ хамтран ажиллах ёстой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe