Шинэ засгаа хүлээхүйд хэлэх захиас

Ц.Чимэдцэеэ
2025-06-09

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 3-4-ийг шилжих шөнө  огцорсон. Улмаар түүний бүрдүүлсэн Хамтарсан Засгийн газар унаж, шинэ Ерөнхий сайдыг өнөөдөр сонгох гэж байна.

Нийтлэлийг зургаар үзэх бол энд дараарай.

Энэ процесс үргэлжлэх хооронд бид өмнөх алдаагаа залруулахыг дараагийн засгаас шаардах учиртай.

Иймд нэн тэргүүнд улсын төсөв хэмээн нэрийддэг иргэдийн төлсөн татвар, уул уурхайн ашгийг хуримтлуулан зарцуулах “саваа” саная.

Энэ саванд хуримтлуулж, зарцуулахаар төлөвлөсөн өртөг нь 33.5 их наяд төгрөг. Тэгвэл эхний 4 сарын төсвийн гүйцэтгэлээс харахад 58 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Энэ алдагдлыг нөхөх хэдэн арга бий.

  1. Татвар

НӨАТ, ААНОАТ зэрэг татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр эрчимтэй хөдөлж эхэлсэн нь нууц биш. Нэг үгээр бол татварын орлогоо энэ замаар нэмэгдүүлэхээр шамдаж буй хэмээн ойлгож болно.

Харин хувь хэмжээг нэмэх талаар бодоод ч хэрэггүй болсон. Учир нь эсрэг талд нь төрөөс  иргэдийн амьдрах таатай орчныг татвар бууруулах замаар бүрдүүлэх боломжтой хэмээн харж буй судлаачид, иргэдтэйгээ нэг талд гарчихсан.

Энэ зөрчилдөөний уулзвараас татварын хувь хэмжээг буулгах ч үгүй, нэмэх ч үгүй чүү ай хэвэнд нь бариад, татварын өртэй жижиг ААН-үүдийн дансыг хаах зэрэг замаар хөл дээрээ босож амжаагүй зах зээлийн эдийн засагт халтай арга хэмжээнүүд ацан шалааны замаар хуйрнин шуугиулж буй билээ.

  1. Уул уурхайн орлого

Төсвийн 20-30 хувийн уул уурхайн орлого бүрдүүлдэг нь манай улсын хувьд сөхрөөд уначихдаггүй том аз завшаан.

Авчиг энэ жилийн тухайд их санасан газар есөн шөнө хоосорч, нүүрсний үнэ 105 ам.доллар байхаар тооцсоноос 20 ам.доллароор буурч, 81 ам.доллароор үнэлэгдэж байна.

Энэ нь АНУ-ын БНХАУ руу чиглэсэн татварын бодлоготой холбоотой ба цаашдаа ч урд хөршийн үйлдвэрлэл хумигдаж, манай улсын нүүрсний экспортод эрсдэл учирч буй.

  1. Зардлаа хэмнэх

Дээр дурдсан төсвийн алдагдал нөхөх хоёр арга мухардалд орсоныг бэлхнээ харж байна. Тэгвэл сүүлийн ганц найдвар нь зардлаа хэмнэх. Шаардлагагүй арга хэмжээнүүдээ хойшлуулах. Наад захын шийдэл бол шинээр байгуулах Засгийн газрыг цомхон зураглах юм.

Одоо байгаагаа харахад 16 яам 23 сайдтай. Яамгүй сайдууд ажлын албатай, хороо нэрээр бүтэцлэгдсэн данхар маягийн төсөв барсан нэгжүүдтэй. Адгийн наад захын жишээ бол "20 минутын хот" хэмээх үзэл баримтлалыг биежүүлнэ гэх “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК болон “Хорин минутын хот Үндэсний хороо”. Хоёул нэгэн зорилготой атал тусдаа нэгжүүд байгаа юм.

Энэ мэт чиг үүрэг давхардсан, олон салаа нэгжүүдээ танах, нөгөө л бялуу хуваах буюу сандал суудлын хэрүүлийг зогсоох “ариун” үүрэг дараагийн Засгийн газарт ногдоод байна.

Дээрх зарчмаар үр дүн гаргасан жишээ бол Аргентин. Тэд 19 байсан яамын 9 болгон цөөрүүлж, Засгийн газрын зардлыг 30 хувь хүртэл бууруулж, төрийн албан хаагчдыг 10–20 хувь цомхотгосон. Үр дүнд нь 2010 оноос хойш тэлсэн төсвийн алдагдлыг 2024 оны дундуур анх удаа бууруулж, нөхөж эхэлсэн юм.

Манай улсын хувьд Засгийн газрын тухай хуульд зааснаар дараах 16 яамтай.

Ерөнхий чиг үүргийн

1/Эдийн засаг, хөгжлийн яам;

2/Гадаад харилцааны яам;

3/Сангийн яам;

4/Хууль зүй, дотоод хэргийн яам;

Чиглэлийн

5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;

6/Батлан хамгаалах яам;

7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;

8/Боловсролын яам;

9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

10/Зам, тээврийн яам;

11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;

12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;

13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;

15/Эрчим хүчний яам;

16/Эрүүл мэндийн яам.

Нэмээд гурван шадар сайд, 4 үндэсний хороо буюу сайд, 25 агентлагтай билээ. Бид Аргентин лугаа үр дүнд хүрэх, байг гэхэд өөрсдийн хэмжээний төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газрын тухай хуульд заасан Ерөнхий чиг үүргийн 4 яамнаас бусдыгаа 7 хэмжиж, нэг огтлохыг үлгэрээр хасаж танах нь л шинэ засгийн газрын хамгийн анхны бөгөөд зөв алхам болох вий.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe