“Extreme Job” киноны Чой даргын дүрээр олонд танигдсан жүжигчин Song Young Kyu 55 насандаа таалал төгслөө

.Graph
2025-08-04

2025 оны 8 сарын 4-ний өглөө 08:00 цагийн орчимд Кёнгги аймгийн Ёнжин хотын орон сууцны хороололд байрлах автомашин дотор жүжигчин Song Young Kyu нас барсан байдалтайгаар олдсоныг Ёнжин Дунбу цагдаагийн газар албан ёсоор мэдээллээ. Түүнийг нэгэн танил нь олж, цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.

Цагдаагийн мэдээлснээр, гэмт хэргийн шинжтэй ямар нэг ул мөр илрээгүй бөгөөд хэргийн газарт гэрээслэл ч олдоогүй аж.

Одоогоор цагдаагийн байгууллага гэр бүлийнхэнтэй нь уулзаж, нас барсан шалтгааны нарийн нөхцөл байдлыг шалгаж байгаа бөгөөд задлан шинжилгээ хийх эсэхийг хэлэлцэж байгаа юм.

Өнгөрсөн 6 сарын 19-нд Song Young Kyu гэрийнхээ ойролцоох Ёнжин хотод 5 орчим км согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдаж, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Тухайн үед цусанд нь агуулагдах согтууруулах ундааны хэмжээ 0.08 хувьтай байсан нь жолооны үнэмлэх хураагдах хэмжээнээс өндөр үзүүлэлт байжээ.

Тус хэрэг олон нийтэд ил болсны дараахан тэрээр “Shakespeare In Love” жүжгийн дүрээсээ татгалзсан бөгөөд мөн “The Defects” болон “The Winning Try” зэрэг уран бүтээлүүд түүний дүрийг хасахаар шийдвэрлэсэн юм.

1994 онд жүжигчний замналаа эхлүүлсэн Song Young Kyu сүүлийн 30 жилийн хугацаанд 40 гаруй телевизийн цуврал болон олон кинонд тоглосон арвин туршлагатай жүжигчин байв.

Тэрээр 2022 онд Netflix-ийн "Narco-Saints" болон Disney+ стриминг платформын "Big Bet" кинонуудаар дамжуулан олон улсын үзэгчдэд ч танигдсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe