Улсын төсвийн цоорхойг орон нутгийн төсвөөс нөхнө гэнэ үү

Г.Энэбиш
2025-08-05

Улсын нэгдсэн төсвийн хагас жилийн гүйцэтгэл 14 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеэс төсвийн орлого 983 тэрбум төгрөг буюу бараг 1 их наяд төгрөгөөр буурлаа. Ийнхүү улсын төсөв хагас жилийн гүйцэтгэлээр 758 тэрбум төгрөг алдагдалтай гарч, ийм хэмжээний өндөр алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх нь анхаарал татсан асуудал болж байна. 

Орон нутгийн хувьд төсвийн орлого 14.2 хувиар өсөж, 3.7 их наяд төгрөгт хүрсэн бол зарлага нь 26.1%-аар өсөж, ₮3.2 их наядад хүрчээ. Орон нутгийн төсөв 500 тэрбум буюу хагас их наяд төгрөгийн ашигтай гарсан гэсэн үг. 

21 аймгийг жагсаавал Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгуудын төсөв хамгийн өндөр алдагдалтай гарсан байна. 

Харин төсөв нь ашигтай байсан аймаг, орон нутгийг шүүж үзвэл Улаанбаатар хот ₮1.8 их наядын орлого төвлөрүүлж, ₮1.6 их наядын зардал гаргасан буюу нийслэлийн төсөв 200 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Үүний араас Өмнөговь, Орхон аймгууд орлого төвлөрүүлэлтээрээ улсдаа тэргүүлэв. 

Гэвч том дүнгээрээ улсын төсөв алдагдалтай гарсан тул төлөвлөлтөө гүйцэлдүүлж ажиллаж чадсан дээрх аймгуудаас төсвийн цоорхой нөхөх арга ядсан асуудал албан бусаар яригдаж байна.

Энэ нь төсөв дутаад байвал сайн ажилласнаас татаад авчихъя гэсэн санаа цухалзаж буй хэрэг.

Гэтэл нийслэл хот, Өмнөгөвь, Орхон аймгууд өөрийн тулгамдсан асуудалтай, хийх ажлаа мөн л төлөвлөсөн, тухайн орон нутгийн иргэдийн төлсөн татварыг өөрсдийнх нь эрх ашгийн төлөө зарцуулах байтал төвлөрүүлсэн орлогоор нь төсвийн алдагдал нөхчихөөр  зарласан тендерээ цуцлахаас эхлээд хийх ажлууд нь хойшилж, орон нутагт хиймэл алдагдал үүсгэх шалтгаан болох нь ээ.

Нийслэлчүүд бидний хувьд л гэхэд утаа, түгжрэл туйлдуулсан хэвээр. Шийдэх асуудал бишгүй бий. Гэтэл орлогоо өөдрөгөөр төсөөлж төсвөө баталсан Засгийн газрын бодлогын алдааг Улаанбаатар хотын төсвийн орлогоор нөхөх нь шударга бус.

Олон жил ийм загвараар явж ирсэн нь нийслэлчүүдийн эрхийг зөрчиж ирсэн учраас л "Улаанбаатар хотын Үндсэн хууль" гэгдэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, тулгамдсан асуудлаа шийдэх эрхийг санхүүгийн хүрээнд дөнгөж аваад байгаа Нийслэлийн халаас руу энэ мэт төсөвт асуудал гарах тоолонд гар дүрээд байвал хуультай байх хэрэг байхгүй биз ээ.

Шударга зармаар бол төсвөө бүрдүүлж чадаагүй талууд хариуцлагаа хүлээх, боломжит хувилбараар орлогоо нэмэгдүүлэхэд дайчлах ажлыг зохион байгуулах ёстой. Гэтэл тонн нүүрсний үнийг 2025 оны төсөвт 105 ам.доллар байна гэж тооцоод Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нүүрсний үнэ буурна гэдгийг сануулсаар байхад нь үл тоож, нүдэн балай явсаар төсвийн алдагдал их наяд руу тулаад ирсэн.

Нэгэнт нөхцөл байдал иймдээ тулсан тул нүүрснээс бусад экспортын орлогоо нэмэх, арилжаа нь муудаад байгаа биржийн арилжааг сэргээхэд хэн, юу хийхээ тодорхойлоод ажилдаа орох нь наад захын ажил баймаар. Бирж хэмээх гол дэд бүтцээ ашиглаад нөхөх боломж бүрэн бий. Нийслэлийн иргэний хувьд эрхээ ингэж зөрчүүлдэг жишиг тогтохвий хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлмээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Surron skuter unah zamguun bj yun ih mongotein

Ul medeh

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe