Төрийн өмчит компаниудын захирлууд хамгийн ихдээ сарын 20-30 сая төгрөгийн цалинтай байна

Ж.Номин
2025-08-06

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу 2024-2028 онд төрийн болон төрийн оролцоот компаниудыг өөрчлөн байгуулах, хувьчлах, биржээр дамжуулж олон нийтийн нээлттэй компани болгох гэх үндсэн чиглэлээр санал боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Ингэхдээ төрийн өмчит компаниудын тоог цөөлж, үр ашгийг нь нэмэгдүүлэх бодлогыг барьсан байна. Мөн төрийн өмчит компаниудын захирал, удирдлагуудыг үнэлэх үнэлгээ, цалин хангамжийн асуудлыг судалж, саналдаа тусгасан. 2024-2028 оны үндсэн чиглэлийн төсөлд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс тавантолгой, МИАТ ТӨХК, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж,  Хөдөө аж ахуйн корпорац, Үндэсний давхар даатгал, эрчим хүчний 11 компани зэрэг нийт 20 компанийг оруулжээ. Эдгээр компаниудын 10-66 хүртэлх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтийн нээлттэй компани болгох, хувьцаа гаргах асуудлыг тусгажээ.  

Дээрх үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр 3.74 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлэх боломжтой гэж тооцоолжээ.

Ийнхүү Ерөнхий сайд Засгийн газрын бүх гишүүдийг дээрх асуудлаар саналаа эцэслэн нэгтгэж, 8 сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх чиглэлийг өгчээ. 

Түүнчлэн чиг үүргийн давхардалтай, үр ашиггүй төрийн өмчит 17 компанийг цөөлж, 9 компанийн бүтцийг өөрчлөн, татан буулгаж, нэгтгэхээр санал боловсруулжээ. 

Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинд судалгаа хийж үзэхэд хамгийн өндөр нь сард 20-30 орчим сая төгрөгийн цалин авдаг гэх тооцоо гарчээ. Тиймээс үндсэн цалингийн хэмжээг бууруулж, ажлын үр дүнгээр нь урамшууллын тогтолцоотой болгох чиглэлээр судалгаа хийж байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл онцоллоо. 

Мөн сарын дундаж цалин нь улсын дундаж болон бусад төрийн өмчит компаниудаас өндөр байгаа компаниудад Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс тавантолгой ХК, Хөдөө аж ахуйн бирж, New Ulaanbaatar International Airport, МИАТ ТӨХК зэрэг оржээ. 

Ташрамд, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой толгой компани 86, охин компаниудыг оролцуулаад нийт 109 компани 11 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe