Олон Улсын Математикийн Холбооны Ерөнхийлөгч Грегор Долинар 2029 оны Олон улсын математикийн олимпиадыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон тухай Боловсролын сайд П.Наранбаяр руу албан бичиг явуулжээ.
Тус албан бичигт дурдсанаар, IMO-ийн Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс 2025 онд болсон 66 дахь Олон улсын математикийн олимпиадын (IMO) Шүүгчдийн хуралдааны үеэр 2029 онд болох 70 дахь IMO-г Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд шаардлагатай зохион байгуулалтын болон логистикийн бэлтгэл ажлуудыг эхлүүлэхийг найрсгаар хүсэж байна” гэжээ.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Олон улсын математикийн олимпиадыг 2029 онд Монгол Улсад зохион байгуулах боллоо. Олон жилийн хүчин чармайлт, сүүлийн жилүүдийн олимпиадад оролцсон Монголын багийн амжилт энэхүү үр дүнд хүргэв. Монголын Математикийн олимпиадын хорооны хамт олонд талархал илэрхийлье” хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх