Монгол хэлний 35 үсэг дунд “заримдаг” гэх нөхөд бий. Тэд есүүл “Цоожоо засаад тушаачих” гэх өгүүлбэрт багтах ба заримдаа эгшигтэй, заримдаа эгшиггүй бичигддэг “хачин” дүрэмтэй этгээдүүд.
Язгуур үг араасаа нөхцөл, дагавар авахад эгшиг шилжин гээгдэх, арагш, урагш сэлгэх тохиол дээрх гайхлуудаас болж учирдаг. Үүнийг эсэргүүцэх, эмзэглэхийн ялдамд үг язгуураа эвдэж, үсэг гээх учиргүй тухай хэлний Ц.Шагдарсүрэн “Эх хэлээ эвдэхгүй юм сан” номдоо дурдсан удаатай.
Хэлний дүрэм ийн багш, судлаач Ц.Шагдарсүрэн, Ц.Дамдинсүрэн гэх нөхдийг хагалж, зам мөрийг нь тусгаарлан хүний нөхөрлөлд насан туршийн цав суулгасан түүх бий.
Тэгвэл төрийн түшээ, түмний олон дарга дунд дээрх мэт “заримдаг” нөхөр үзэгдэл болон сандайлах аж.
Энэхүү эрхэм “Цоожоо” болбоос заримдаа мөнгөтэй, заримдаа мөнгөгүй, заримдаа ажилтай, заримдаа ажилгүй, наашаа харахад зовлонтой, цаашаа харахад наадамтай ажээ.
Үр дүнд нь нутаг орныхноо нийслэл хүрээнийхэнтэй хагаралдуулж, улсын хөгжилд цав үүсгэх эхлэл болой.
Арай томруун харах аваас авааль эхнэртээ нээгдэж өгдөггүй дэлгүүр анхны хайртдаа харамгүй цацаж, цалгиж, энд би эр хүн болсноос хойш ингэхгүй гээд яах юм хэмээн таахалзах.
Түүнээс 1000 бээрийн зайд хадаг сүүтэй гардан авсан авааль эхнэр нь 50 жил арчилж тордоогүй, өнгө мөнгө наагаагүйн улмаас эрхтэн тогтолцоо сулхан, элэгдэж, өвчлөх нь элбэг болжээ.
Ямар сайндаа л “гал алдаж”, элэг бөөр нь зогсов. Ээж нь сэхээнд хэвтсэн хойгуур хүүхдүүд нь хөлдөх, өлсөх айдаст хахир өвлийг хүлээж байнам.
Эмгэнэлтэй энэ дүр зурагт Бэт гэх “хойд эцэг” ирж, ганц гайгүй үг хэлсэн нь өвлийг өнтэй давуулна гэв. Ээжийн бие муудаж, 15 удаа сэхээнд орсныг нь бас илчиллээ. 2026 оны өвлөөс урьтаж, шинэ элэг бөөр шилжүүлэн суулгахаа мөн зарлав.
Энэ хойгуур наадаж ханасан Цоожоо гуай авааль эхнэрээсээ харамласан 2 тэрбумаа дээрх байдлаар тайлбарлан хээв нэг суух аж. Ийм “заримдаг” эр нөхрөөр эхнэр хүүхэд дутахгүй л байлтай. Цоожоо засаж барахгүй ахуй юм бол Цоожоог засаж, ард түмэнд нь тушаах л дээр шиг.
Жич: Дээрх нийтлэл нь бичлэгийн төрөл зүйлийн флетон буюу шог хошин өнгө аясаар бичигдсэн тул шууд бус, давхар утга санаа илэрхийлнэ.
Сэтгэгдэл үлдээх