Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй

.Graph
2025-08-11

Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагааны зарчим, яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар чиглэл өгчээ.

Монгол улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын үнэт цаас арилжаалж санхүүжилт босгосон. Засгийн газрын тогтоолоор өөрийн хөрөнгийг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, нийт зээлийн активын 55.9 хувь буюу 891.9 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд хамаарч байгаа зэрэг үзүүлэлтүүдийг танилцуулжээ.

Алдагдсан боломж, чанаргүй зээлийн төлөлттэй зэрэгцээд хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг эргэн сэргээх нь чухал байгааг Тэргүүн шадар сайд Н.Учрал дурдаад  Хөгжлийн банкийг цаашид хууль эрх зүйн хүрээнд “айх айдасгүй”  ажиллах боломжийг хангана гэж онцолжээ.

Мөн Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүйг хэлээд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагаас төлөөлөл оруулах урилга хүргүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Солонгосын хөгжлийн банк (Korea Development Bank) нь дефолт болсон зээлийн эргэн төлөлтийг 3 жилийн дотор 90%-д хүргэсэн байдаг. Финляндын хөгжлийн банк өнөөдрийн Nokia-г бий болгож чадсан. Энэ жишгээр 2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан.

Энэ хүрээнд Хөгжлийн банканд ажиллахдаа дараах чиглэлийг өгчээ.

  • Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
  • ТУЗ-ийн гишүүнд шахааны хүн томилохгүй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагаас төлөөлөл оруулах урилга хүргүүлэх
  • Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
  • Санхүүжүүлэх төслийг эрэмбэлж, УИХ-д танилцуулах
  • Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
  • Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
  • Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe