102,623 иргэн татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэх санал гаргажээ

.Graph
2025-08-12

2026 оны төсвийн төсөлд E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсаар иргэдээс санал авч буй. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар 157 мянга гаруй иргэн саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн олон санал иржээ.

Төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгад 18,395 иргэн төсвийн хэт тэлэлтийг бууруулах нь оновчтой шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102,623 иргэн саналаа өгcөн байна. 2026 оны төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх ёстой гэж олонх нь үзжээ.

Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. 

Сангийн сайдын зүгээс 2026 оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсролд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулж байгаагаа онцолсон юм. 2026 оны улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1,232 санал ирсэн. Үүнд 11.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаар байгааг тодотгон хянаж 9.6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх нь авлигыг бууруулах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, хүний хөгжлийг дэмжихэд бодитой ахиц гардгийг онцолсон байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын гишүүн бүр санаачилгатай ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах шаардлагатай гэв. Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэл хийх бодлого яаралтай боловсруулж ажиллахыг салбарын сайд нарт үүрэг болгожээ.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe