Ройтерс - Непал улс ойрын хоёр жилийн хугацаанд Гималайн баруун хойд хэсгийн 100 орчим оргилд хийх авиралтыг үнэ төлбөргүй болгожээ. Тус улс 491 оргилыг нээсэн боловч уулчид Балбын зүүн хойд болон төв хэсэгт байдаг 25 орчимд, тэр дундаа дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авирдаг байна.
Уулчид үнэгүй болгож буй эдгээр алслагдсан 97 оргилыг төдийлөн сонирхдоггүй бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд ердөө 68 хүн авирсан байна. Гэтэл зөвхөн 2024 онд Эверестэд авирах 421 зөвшөөрөл олгожээ.
Дэлхийн хамгийн өндөр оргил болох 8849 м өндөр Эверестэд сүүлийн жилүүдэд уулчид олноор авирах, авирах явцад амиа алдах, байгаль орчин бохирдох зэрэг хэд хэдэн асуудал тулгарах болсон байна. Иймээс 2024 оны дөрөвдүгээр сард Балбын Дээд шүүх Эверест болон бусад хэд хэдэн оргилд авирах зөвшөөрлийн тоог хязгаарлахыг засгийн газарт үүрэг болгожээ.
Энэ оны нэгдүгээр сард эрх баригчид Эверестэд авирах зөвшөөрлийн хураамжийг 36 хувиар нэмэгдүүлэхээ зарласан юм. Ингэснээр Эверестийн оргилд 4-5 дугаар сарын оргил үеэс бусад үед буюу 9-11 дүгээр сард авирахад 7500 ам.доллар, 12-2 дугаар сард авирахад 3750 ам.доллар төлөх болж байна. Мөн Эверестийн оргилд гарахыг хүссэн хүн бүр тус улсын нутаг дэвсгэр дэх 7000 м-ээс дээш өндөр ууланд авирсан байх ёстой гэсэн шинэ хуулийг хэлэлцэж эхэлжээ. Ингэснээр Карнали болон Судурпашим дахь оргилууд “бэлтгэл хийх хамгийн тохиромжтой газар” болно гэж “The Katmandu Post” сонинд бичсэн байна.
Сэтгэгдэл үлдээх