Нийслэлд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа

.Graph
2025-08-12

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр 2025 онд нийслэлд хэрэгжүүлж байгаа авто замын төслүүдийн талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр танилцууллаа.

Тэр “2025 онд нийслэлийн 44 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 34 байршилд 100.9 км авто замын шинэчлэлтийн ажил дууссан. Мөн 10 байршилд 14.15 км суурь хучилтын ажил график төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа” гэв.

Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн 24 мега төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам гэсэн олон түвшний огтлолцол бүхий авто замуудыг барих ажлын бэлтгэл болгож нэгдүгээр түвшний авто замуудыг үе шаттай шинэчилж буй.

Нийслэл 2024, 2025 онд авто замуудын засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн.  2024 онд 137.1 км авто замыг шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам болсон юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe