П.Өлзийнаран: Утаанаас салах цорын ганц арга бол нүүрсээ зөв боловсруулж, хагас коксжуулах

Г.Энэбиш
2025-08-14

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ цагт дан ганц нийслэл гэлтгүй улсын хэмжээнд тодоос тод анхаарлын тэмдэг, басхүү асуултын тэмдэг зэрэгцүүлсэн утаа, түлш, зуух ярих нь гэм биш зан болжээ. Энэ удаа хагас кокс түлэх эс түлэх тухай хөндөж, 20 орчим жил уул уурхайн салбарт зүтгэсэн Инженер, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнарантай ярилцлаа.

- Энэ өвөл нийслэлийн иргэд яг юу түлэх нь тодорхойгүй байдалд орчихлоо. УИХ-ын тогтоолоор өнгөрсөн таван жил хэрэглэсэн сайжруулсан түлш стандарт хангахгүй гэж үзээд хориглосон. Хотын захиргаа хагас кокс түлш татна хэмээгээд буй. Энэ нөхцөлд хамгийн зөв хувилбар юу вэ?

- Монгол Улсад байгаа шатах ашигт малтмалын нөөцийг харвал нүүрсээ ашиглах нь зөв. Гэхдээ түүхий нүүрс биш, гүн боловсруулалт хийсэн, Хотын даргын ярьж байгаачлан хагас коксжуулах аргаар боловсруулсан нүүрс хэрэглэх нь хамгийн зөв шийдэл. Өнгөрсөн хугацаанд ч ингэж зөвлөж ирсэн.

Харамсалтай нь утаагүй түлш үйлдвэрлэх хагас коксжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын долоон жилийн хугацааг алдчихлаа. Эхний жилдээ ядаж хагас боловсруулсан түлшээ хэрэглэх хэрэгтэй байсан. Энэ нь түүхий нүүрснээс хамаагүй дээр, агаарын бохирдлыг 30–40 хувь бууруулж чадна. Гэхдээ илүү их бууруулах боломж байсныг бид алдсан.

- Одоо байгаа нөөц, нөхцөлөө харгалзаад бодохоор хагас кокс түлшээ БНХАУ-аас авах нь зөв юм уу?

- Хагас коксыг гадаадаас авах уу, дотоодоос авах уу гэдэг нь стратегийн асуудал. Одоогийн нөхцөлд бол эхний ээлжинд хагас коксын түлш хэрэглэхээс өөр аргагүй. Гэхдээ ирээдүйд өөрийн үйлдвэрээ барьж, дотоодын нөөцөөр хангах ёстой.

- Ер нь түлшний чанар утааны асуудалд хэрхэн нөлөөлдөг вэ, та инженер хүн учраас технологийн талаас нь аль болох энгийн үгээр тайлбарлаач?

- Утаагүй түлш үйлдвэрлэхийн тулд нүүрсээ угааж, хорт хольцыг нь ялгаж, дараа нь хагас коксжуулах ёстой. Ингэснээр 8–10 хувийн дэгдэмхийтэй, чанартай түлш гарна.

Харин Багануурын нүүрс 40–50 хувийн дэгдэмхийтэй, одоо хэрэглэж байгаа Ухаа худагийн баяжуулалтын завсрын бүтээгдэхүүн 28-аас дээш хувийн дэгдэмхийтэй байдаг. Энэ тохиолдолд бид хэзээ ч утаанаас бүрэн салахгүй.

- Багануурын үйлдвэрээс эхлээд хагас кокс түлш үйлдвэрлэлд яагаад ахиц гараагүй вэ?

- Хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, эдийн засгийн бэрхшээл. 1 тонн хагас кокс 300–400 мянган төгрөгөөр үйлдвэрлэгддэг. Харин нийслэлийн иргэд 150 мянган төгрөгөөс дээш түлш авах боломжгүй. Энэ нь хувийн хэвшилд ашиггүй төсөл болж, олон компани дампуурсан.

Хоёрдугаарт, төрийн бодлого, мэргэжлийн удирдлага дутагдсан. Нүүрс-химийн салбарт мэргэжлийн бус хүмүүс томилогдсоноос зөв төслийг буруу хэрэгжүүлсэн. 

- Ийм төсөлд төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

- Энэ бол ашиггүй ч стратегийн ач холбогдолтой төсөл. Өндөр хөгжилтэй орнуудын метро шиг гэсэн үг. Ашиггүй ч нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны төлөө төрөөс татаас өгч хэрэгжүүлэх ёстой. Хувийн хэвшилд даатгах боломжгүй. Бас төр, иргэн, мэргэжилтэн инженерүүд бүгд мэдлэг, мэдээллээ сайжруулах ёстой. Наад зах нь угаар, утаа хоёроо ялгахгүй ярьж байгаа харагддаг.

Угаартах гэдэг нь хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй ахуйн шинжтэй асуудал. Энэ нь түлшний төрөлтэй холбоогүй, агааржуулалт муу үед гарна. Харин нүүрснээс гарах хорт бодис бол химийн хордлого. Энэ хоёрыг ялгаж ойлгох ёстой. 

- Хаваржин нүүрсний сонсголоор хэдэн их наяд төгрөгийг нүүрсний сонсголд зарцуулаад, үр дүнгүй болсон гэдгийг улс нийтээрээ харлаа. Одоо ер нь хаана очих ёстой юм?

- Гадны улсын хараат болохгүйгээр шийдэх арга бидэнд юу байна, нүүрс байна. Нүүрсийг боловсруулаад хэрэглэх ёстой. Хүн төрөлхтөн утаагүй түлш, нүүрснээ гаргаад болж байна. Бид чадна. Маш энгийн технологи байдаг. Агааргүй орчинд 600-800, 1000 хүртэл градусаар агааргүй орчинд халаагаад, дэгдэмхий болон давирхайлаг бодисыг нүүрнээс ялгаж аваад, утаагүй түлшийг гаргаж авч байгаа технологи байгаа. 

Урт дунд хугацаанд хэрэгжүүлэх хамгийн зөв арга бол төвлөрлөө бууруулах ёстой. Иргэд нэг дор бөөнөөрөө цуглаад, ямар ч түлш түлсэн нэг өрөөнд олуулаа ороод, зэрэг амьсгалахаар багтардаг шүү дээ, бид энэ хотод яг багтарч байгаа. Хэт төвлөрлийг бууруулж, зах хязгаар нутгууд руу иргэдийгээ амьдрах таатай орчныг бүрдүүлж байж утааны төвлөрлийн бууруулна.

Дараа нь өвөл болохоор агаарын ирх даралтын муж гэж үүсдэг. Одоо зун учраас их даралтын муж үүсэхгүй. Бидний хотын бохирдлын 50-аас илүү хувь нь нүүрснээс илүү машины утаа байна. Өвөл агаар хөрөөд, цельсийн -25 градусаас бага болохоор улам доошоо нягтраад, хүнд элементүүдийг суулгаж өгдөг. Амьсгалах орчин, ялангуяа хүүхдийн амьсгалах орчинд машины утаа доошоо чигчиж, сууж эхэлдэг. Үүнийг агаарын их даралтын муж гэж байгаа юм.

Тэгэхээр нүүрс түлэхгүй байсан ч гэсэн агаар хав хар л харагдана. Учир нь агаарын их даралтын мужид өтгөрсөн, хүнд агаарууд бол хар, бараан өнгө үзүүлж, харагддаг. Тийм учраас машиныхаа утааг бол онцгой анхаарна. Хүүхдүүдийнхээ төлөө ядаж л машиндаа евро 98-аас дээшээ түлш хэрэглэж байж агаарын бохирдлоо шийдэж чадна. Гэхдээ энэ тийм амар шийдэгдэхгүй байх л даа.

- Цогцоор нь шийдэх ёстой гэсэн үг?

- Мэдээж тэгэлгүй яахав.  Нүүрсний чанарыг сайжруулахаас гадна агаарын солилцоог хаахгүйгээр гэр, сууцаа дулаалах, зуухны технологийг сайжруулах, машины утааг бууруулах, чанартай шатахуун хэрэглэх, хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх гээд бүгд зэрэг хэрэгжиж байж агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна.

- Ирээдүйд энэ асуудалд зарцуулах зардлын тооцоолол байна уу?

- Одоо яригдаж байгаа хэдэн их наядаа утааны хор уршгаас 3.5 сая иргэнээ хамгаалахад зарцуулах хэрэгтэй. Хэрэв өнөөдөр зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол уушгины хавдар зэрэг өвчний улмаас иргэдийн эмчилгээний зардал ирээдүйд 10–20 их наяд хүрэх эрсдэлтэй.

- Инженер хүний хувьд өнөөдөр ямар шийдэл санал болгох вэ?

- Хагас коксжуулах технологи бол дэлхийд батлагдсан, олон зуун жил ашиглагдсан арга. Монгол Улс өөрийн нөөцөөрөө утаагүй түлш үйлдвэрлэж чадна. Гэхдээ зөв бодлого, мэргэжлийн удирдлага, тогтвортой хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өнөөдрийн түр зуурын шийдэл маргааш илүү том асуудал үүсгэхээс сэргийлэх ёстой. 

Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө бэлтгэл ажлаа сайн хийх ёстой. Энэ дотор судалгааны ажил, хамгийн чухал нь нийгмийн сэтгэл зүйн бэлдэх гэж ажил байгаа. Хамгийн хүнд бас нэг зүйл бол хүний нөөц.

Сая бид энэ хоёр үйлдвэрт маш их хүний нөөц бэлдчихсэн байсан. Одоо буцаад социализмыг нураагаад, капитализм рүү орлоо гэдэг шиг буцаад бэлтгэсэн ажилчдаа танаж байна. БНХАУ-аас дандаа хагас кокс бүтээгдэхүүн авахгүй байх. Үүий дараа бид ирэх жил ч юм уу үйлдвэрээ барихад мэргэжлийн чадамж нь алдагдсан байх учиртай учир ямар нэг байдлаар мэргэжлийг чадамжийг нь хадгалж үлдэх нь чухал шүү дээ. 2000 ажилтныг зэрэг бэлтгэнэ гэдэг бол том асуудал.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe