Иргэд татвараа бууруулж, Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт улсын төсвийг зарцуулахыг ЗГ-т сануулжээ

Г.Энэбиш
2025-08-14

Монгол улсын ирэх 2025 оны төсөв ямар байх вэ? Улсын төсвийн мөнгийг ямар салбарт зарцуулбал зөв бэ? Гэдгийг анх удаа иргэдээс 15 хоногийн хугацаанд саналыг нь асууж байна. Санал асуулга өнөөдрөөр дуусна. Нийгмийн зарим хэсэг бодлогоо гаргаад засаглаад яв гээд эрхийг нь өгсөн байхад тойм байдлаар иргэдээс асууж байгаа нь ажлаа хийж чадахгүй байгаа хэрэг хэмээн бухимдаж байгаа бол нөгөө хэсэг нь Монгол улсын иргэдийн оролцоог хангаж, нээлттэй ил тод засаглалын нэг хэлбэр зөв зүйтэй ажил хэмээн дэмжиж байна.

Ямартай ч өнөөдрийн байдлаар 5 асуулга бүхий төсвийн төлөвлөлтийн талаарх асуулгад 175 мянган иргэн оролцож саналаа өгчээ.

Асуулт 1:  “2026 онд аль салбарт төсвийг түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж та үзэж байна вэ?”  гэсэн асуултад

Эрүүл мэнд, Боловсрол, цахилгаан дулаан гэж топ 3 асуудалд төсвийг зарцуулах ёстой иргэдийн олонх нь хариулжээ. Харин Нийгмийн халамж,соёл спорт аялал жуулчлалд төсвийг чиглүүлэх ёстой гэсэн санал хамгийн бага буюу асуулгад оролцсон иргэд 2-3 хувь нь дэмжсэн байна.  

Асуулт 2: “2026 онд аль салбарын төсөвт хэмнэлт хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?”

Энэ асуултын хариулт ямар салбарт хамгийн их мөнгө зарцуулах ёстой вэ гэхэд иргэд Нийгмийн халамж, соёл спортод гэж хариулсандаа. Яг энэ үр дүн батлагджээ.  Нийгмийн халамж, соёл спорт, аялал жуулчлалаас төсвийн хэмнэлт хийх ёстой гэж 150 мянган иргэн саналаа өгчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 2024 оны жилийн эцсээр 2,3 их наяд төгрөгийг олгожээ. Харин Соёлын салбарын төсөв өнгөрсөн жил 598 тэрбум төгрөг байсан бөгөөд энэ нь Эрчим хүчний салбараас даруй 283 тэрбумаар буюу 47 хувиар бага байсан юм. Аялал жуулчлалын салбар гадаад валют олж болох гол салбарын нэг боловч том оддыг урих эвент хийх гэх мэт олон арга хэмжээний төсөв тодорхойгүй улсын мөнгөөр туйлсныг иргэд хэдийн олж харсан нь дээрх санал асуулгаас тодорхой харагдаж байна. Гэтэл хүн бүрд хамаатай эрчим хүчний салбар нийт төсвийн зарлага 1 хувьд хүрээгүй. Өнгөрсөн онд улсын төсвийн зарлага  30 их наядаар хэмжигдэж байсан юм. Гэтэл эрчим хүчгүйгээр монгол улсын эдийн засгийн өсөлтийг ярих боломжгүй. Үүнийг иргэд олж хараад ЗГ-т чиглэл өгчихлөө. Харин төсвийн төсөлд хэрхэн тусгалаа орохын тун удахгүй бид харах болно.

Асуулт 3” “Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж та үзэж байна вэ?”

Санал асуулгад оролцоод байгаа нийт иргэдийн 67 гаруй хувь нь Төрийн захиргааны зардлыг бууруулах, ТӨК-иудын зардлыг бууруулж орон тоог цөөлөх ёстой гэж хариулжээ. Бидний мэдэж байгаагаар зарим төрийн өмчит компанийн захирлууд би 30 сая биш 27 саяын цалинтай. Нөгөө хэсэг нь би бүр  20 сая төгрөг хүрэхгүй цалинтай хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байна. Гэхдээ асуулт байгаа нь 20-30-хан сая цалин дээрээ хэдэн саяын урамшуулал авдаг юм бол? ...

Гэтэл Монгол Улсын дундаж цалингийн хэмжээ  2,3 сая, Өрхийн орлого 2,5 сая төгрөг байна. /1212.mn/

Гэтэл нийтлэгээрээ Монголчууд  дарга нараасаа 10 дахин бага орлогоор бүтэн өрх амь зууж байна. Монгол улсыг тэжээж буй уул уурхайн салбарын дундаж цалингаас ч өндөр цалинг төрийн нэртэй компаниудын дарга нар халаасалж байна. Гэхдээ бүтээмж нь маруухан байгааг улс нийтээрээ мэдэж байгааг нуух юун.

Төрийн өмчит газруудын зарим захирлууд бүр ажлын байран дээрээ архидан согтуурч агсамнаж яваа нь ил болж ажлаасаа чөлөөлөгдөөд ч байна.

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулахаар болоод байгаа юм. Тухайлбал, Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон цөөрүүлэх энэ өдрүүдэд ажил ил өрнөж байгаа юм.

Асуулт 4: “Ямар төрлийн хөрөнгө оруулалтыг 2026 онд шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болно гэж та үзэж байна вэ?”

Иргэд эдийн засагчдын, эрдэмтдийн амаа чилтэл зөвлөж, ярьж ирсэн асуудлыг дээрх асуулгад хариулахдаа оновчилж өгчээ. Соёлын төв битгий барь. Харин Дулаан хангамж, цахилгаан эрчим хүчний асуудлаа шийдээч ээ гэж зөвлөжээ. Манай улсад ТЭЦ 5 станцыг тендер шалгаруулалт үргэлжилж байна. Мөн орон нутгуудад эрчим хүчний шинэ хангамжийг бүтээн байгуулах цөөнгүй төслүүд яваа. Дэлбэрээд байгаа насжилт хэтэрсэн “өвгөн” станц 3 дээр гал унтраах ажиллагаа эхэлсэн бөгөөд жилийн дараа ашиглалтад оруулна гэж БЭТ нь амласан. Гэхдээ зайлшгүй том хэмжээний технологийн шинэчлэл хийхгүй бол ОХУ-д 50 жилийн өмнө хийж байсан станцын тоног төхөөрөмжөө бараг үйлдвэрлэхээ больсон байна гэдгийг мэргэжлийнхэн хэлээд байна. Иймээс том хэмжээний шинэчлэлийн ажлыг тус салбарт хийхгүй бол Монгол улс мөд нар харахгүй нь.

Асуулт 5: Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр ямар бодитой арга хэмжээ авах шаардлагатай гэж Та үзэж байна вэ?

5.1.Татварын бодлогын дэмжлэг үзүүлэх:

Иргэд талбай дээр 2 удаа гарч жагсаж тэмцэхэд татварын хувь хэмжээг бууруулж шударга болгооч ээ. Татварын ачаалалд сөхөрч байна гэж удаа дараа Л.Оюун-Эрдэнийн ЗГ-аас шаардаж, шахаж байлаа. Зарим үед төлбөртэй жагсагчид гэж цоллуулж байсан сүүлийн жилүүдэд өрнөсөн жагсаалын гол шаардлага санал асуулгаар баталгаажив. Санал асуулгад оролцсон иргэдийн  80 хувь татварын хувь хэмжээг бууруулах, 45 хувь нь хугацааг уян хатан болгоод өгөөч гэжээ. Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлгүүд энэ намрын чуулганаар эхэлнэ. Энэ үедээ иргэд олон нийтийнхээ саналыг тусгана хэмээн найднам. Татвараа оновчтой, уян хатан, шударга байдлаар тогтоох бодлогыг иргэд хүсэж байна.

5.2.Хувийн хэвшилд шилжүүлэх чиг үүрэг:

Энэ асуулгад оролцсон 98 мянган хүн Дэд бүтцийн үйлчилгээ (хог хаягдал, цэцэрлэгжүүлэлт, зам засвар гэх мэт үйлчилгээг төр биш хувийн хэвшилдээ өгвөл зөв гэж хариулжээ.

Өнөөдрөөр тус санал асуулга дуусгавар болно. Энэхүү санал асуулгатай зэрэгцээд салбарынхны нээлттэй хэлэлцүүлэг өдөр бүр дараалан явагдаж байна. Шууд дамжуулалтыг ухраагаад тухтай үзвээс салбар бүрийн тулгамдсан асуудлыг илчлэн, төсвийн тогтвортой байдлыг бодитой зөвлөгөө анхааруулгыг ч сонсоод үзэхэд гэмгүй.

ЗГ нээлттэй байдлаар төсвийн хэлэлцүүлгийг хийж байн. Харин иргэдийн санал хэрхэн тусах бол гэдэг нь үнэхээрийн анхаарал татаж байна.

Төсөв гэдэг бол та бидний хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө биднийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, төрийн үйлчилгээ хүртээмжтэй хүнд сурталгүй явуулж өгөөрэй гээд хураалгаж буй нийтийн мөнгө юм. Иймээс нийтийн мөнгийг хэн хаана яаж зарцуулсан. Түүний үр дүн ямар байсан бэ? Гэдгийг олон нийт илүү сайн хянамаар байна. Мөн төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг 7 буудлын Должин эмээ ойлгохоор яам бүр мэдээллээ сар, улирлаар оруулж байх ёстой. Гэтэл яамнуудын сайт ажилладаггүй. Ажиллаж байгаа бол сайдаа магтаж долоосон хэнд ч хэрэггүй мэдээ оруулсан хэлбэрийн ажиллагаатай байгааг анхаарна буй заа.

Эцэст нь тэр сайд тэдэн төгрөгийг амжилттай үрж дуусгаснаа тайлагнадаг бус энэ төсвийг зарцуулснаар тэдэн ажлын байр, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж, эдийн засагтаа ийм шууд болон дам нөлөө үзүүлсэн юм аа гэдгээ ярьж хэлэлцдэг болъё.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe