МИАТ компанийн БОИНГ онгоцны нислэгийн үед гарсан гэмтлийн талаар болон тус компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамираас тодрууллаа.
-МИАТ компанийн хоёр онгоцонд нислэгийн явцад гэмтэл гарч, ойрхон яваа хотод газардсан. Нислэгийн өмнө онгоцонд үзлэг хийдэг үү, гэмтлийн шалтгаан юу байв?
-Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангуулах зорилгоор ийм хэмжээний арга хэмжээ авах тохиолдол авиа компаниудад байдаг. 7 дугаар сард Улаанбаатараас Бээжин чиглэлд нисэж байсан МИАТ компанийн БОИНГ-737 онгоц агаарт гарсны дараа агаарын хөлгийн дарга болон хамтран нисгэгч хоёрын хурдны хэмжүүр зөрүүтэй гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг нягтлахын тулд нислэгийн дүрмийн дагуу буцаж Чингис хаан нисэх буудалд буулгаж шалгаад, хоёр цагийн дотор дахин шалгах нислэг хийгээд, дараа нь Бээжингийн чиглэлд ниссэн. Энэ бол нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор гаргасан шийдвэр.
Хоёрдугаарт, 8-р сарын 4-ний өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн БОИНГ-738 MAX8 онгоц наашаа нислэгт гарснаас нэг цаг орчмын дараа онгоцны кабин доторх агаарын даралт унаж байна гэсэн мэдээлэл нисгэгчийн хянах самбарт ирсэн. Нисгэгч шалгаж үзээд, тухайн үед 34000 ft өндөрт байсан бол уруудаж, 15 мянгаас доош ft буюу 2000-3000 км-ийн өндөрт нам дор нислэгт орох ёстой байдаг. Нам дор нислэгт ороод уг мэдээллийг шалгах, онгоцны аюулгүй ажиллагааг шалгах зорилгоор Осака-гийн нөөц нисэх буудалд газардсан. Тухайн онгоцыг шалгаж, аюулгүй ажиллагааг шалгах зорилгоор газардуулсан гэсэн үг. Энэ онгоцоор зорчиж явсан зорчигчдыг авах зорилгоор Токио руу зөрүүлж өөр онгоц нисгэсэн.
-Алдаа илэрсэн онгоцыг шалгахад ямар асуудал үүссэн байв?
-Газарт буусан онгоцыг үйлдвэрлэгч буюу БОИНГ-оос өгсөн зааварчилгааны дагуу шалгаж үзэхэд системд илэрсэн алдаа арилсан. Онгоцыг Улаанбаатарт авчраад, дахин нарийвчилсан үзлэгт оруулсны дараа 8-р сарын 6-наас хэвийн нислэгт гаргасан.
-Энэ нислэгийн улмаас зорчигчид төлөвлөснөөс хэдэн цаг саатсан бэ?
-Токио хотоос Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 14.30 цагт нисдэг. Улаанбаатарын цагаар 20.30 цагт буух хуваарьтай байсан. Онгоц А-гаас Б цэгт хүрэхдээ тухайн замыг туулах шатахууныг авсан байдаг. Токиогоос Улаанбаатар хүрэх шатахуунтай байсан. Асуудал гарч, Осака хотод бууж шалгах шаардлага үүссэн учир шатахууны зарцуулах цаг хэрэгтэй болсон. Ингээд Осака хотын дээгүүр нисэж байгаад газардах жим аюулгүй түвшинд хүрсний дараа 18.00 цагт Осакад буусан.
Зорчигчдыг Осака хотод буулган хоолонд оруулж, амралтын байдалд байлгаж байгаад Улаанбаатараас гарсан хоёр дахь онгоц 22:40 цагт очиход наашаа хөөрсөн.
Аюулгүйн буулт хийсэн тул зорчигчдын сэтгэл зүйд амаргүй байсан байхыг үгүйсгэхгүй. Нийт зорчигчдыг Осака хотод буулган хоолонд оруулж, амралтын байдалд байлгаж байгаад Улаанбаатараас гарсан хоёр дахь онгоц 22:40 цагт очиход хөөрсөн. Ингээд Улаанбаатар хотод 04:00 цагийн үед Улаанбаатар хотод газардсан. Тэгэхээр дээрх хоёр тохиолдолд аюулгүй ажиллагааны горим алдагдсан гэхээс илүү аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж ажилласан гэмээр байгаа юм.
Авиа компаниуд агаарын хөлгийн үндсэн зааварт аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавьдаг. Жишээлбэл, Онгоцонд баруун, зүүн хоёр хөдөлгүүр, хойд нөөц хөдөлгүүр нэг гээд эрчим хүчний нийт гурван эх үүсвэр байдаг. Энэ гурван эх үүсвэрийн аль нэг нь байхад л онгоц асуудалгүй ниснэ. Гэхдээ дүрмээрээ энэ гурван эх үүсвэр гурвуулаа ажиллаж байж онгоц нисэх зөвшөөрөл авдаг. Агаарт нисэж байхад гурвуулаа эвдрэх магадлал нь асар бага. Нэг нь эвдэрлээ гэхэд, хоёр дахь эх үүсвэрийг ашиглана.
Онгоцны нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлдөг хатуу цагтай эд ангиуд байдаг. Заасан хугацаанд нь шалгаад, эвдрээгүй байсан ч солих ёстой эд анги гэсэн үг. Мөн онгоц техник учир машин тэрэгтэй адил эвдрэл гарч болно. Нислэгийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй эд ангиудыг солих хатуу цаг байдаггүй буюу эвдэрсэн үед нь сольж болно. Онгоцны сэлбэг хэрэгсэл маш өндөр үнэтэй байдаг. Хатуу цагтай эд ангийг бэлэн байлгах ёстой байдаг.
-МИАТ компанийн инженер техникийн ажилтнууд дотоодын төдийгүй гадаадын авиа компаниудын агаарын хөлгийг засдаг, ур чадвар өндөртэйд тооцогддог. Танай компанийн агаарын хөлгийн тоо нэмэгдэж, нислэгийн сүлжээ ч өргөжиж байгаа энэ үед хүний нөөц хэр хүрэлцээтэй байна вэ?
-Манай Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь МИАТ компанийн өөрсдийн онгоцны засвар, үйлчилгээнээс гадна Европын холбоо, АНУ болон Азийн хэд хэдэн улсад гэрчилгээжсэн, олон улсын гэрчилгээтэйгээр агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ хийдэг. Инженер техникийн 250 гаруй ажилтнууд маань нэг жилийн хугацаанд өөрсдийн 10 агаарын хөлгөөс гадна гадаадын 7-8 агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ үзүүлэн орлого олдог. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерүүдийн маань ур чадвар нь ч, цалин нь ч дэлхийн түвшинд очсон. Бид шаардлагатай нислэг тэнцлийн гэрчилгээ авахад зориулагдсан агаарын хөлгийн засвар үйлчилгээг цаг тухайд тогтмол хийхийн зэрэгцээ асуудал гарсан үед нь засварлаж байна.
Дээрх тохиолдлууд нь нислэгийн үед аюулгүй ажиллагааны горим алдагдсан биш, аюулгүй ажиллагааныхаа дүрмийг баримталсан алхам.
Онгоцны хаалга хаагдсанаас хойш нисгэгчийн мэдэлд онгоц шилждэг. Нислэгийн үед аюулгүй ажиллагаанд ямар нэг асуудал гарвал нисгэгчийн шийдвэр хамгийн чухал. Ямар ч тохиолдолд нисгэгч бие дааж шийдвэр гаргана. Иймээс ч дэлхийн агаарын тээврийн салбарт ажиллаж буй нисгэгч бүр жилд хоёр удаа нисгэгчийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамрагдаж, үнэмлэхээ сунгадаг. Ямар үед ямар шийдвэр гаргах вэ гэдэгт үргэлж бэлэн байх ёстой гэж ойлгож болно.
-Засгийн газраас төрийн өмчит компаниудын үр ашгийг тооцож, шаардлагатай бол хувьчлах асуудал яригдаж байна. МИАТ-ийг хувьчлах нь зөв үү?
-Засгийн газраас төрийн өмчит томоохон компаниудыг олон нийтэд нээлттэй болгоно гэсэн санал оруулж ирснийг би зөв гэж харж байна. Хувьчлах эсвэл олон нийтэд нээлттэй болгох гэдэг хоёр өөр ойлголт. Олон нийтэд нээлттэй компани болсноор санхүүгийн тайлан, бусад бүх үйл ажиллагаа ил тод болно. Үүн дээр нь үндэслэн олон нийт тухайн компанийн хувьцааг авах хэлбэрээр хөрөнгө оруулах эсэхээ шийднэ гэсэн үг.
-Олон нийтэд нээлттэй компани болсноор ямар шинэчлэлт өөрчлөлт гарах вэ?
-Нээлттэй болсноор компанийн засаглал сайжирна, шилэн болно, хяналтын тогтолцоо сайжирна. Тухайн хөрөнгө оруулагчийн шаардлагаас хамаарч аудитын ямар компаниудаар хэзээ, хэрхэн аудит хийлгэх вэ гэдэг нь чухал асуудал. Тэгэхээр нээлттэй компани болгох нь зөв. Зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 30 гаруй жилд төрийн өмчит олон компани хувьчлагдсан. Сайн, муу олон хувьчлал болсон байх. МИАТ үүний нэг жишээ болчих вий гэдэг хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хувийн хэвшлийн оролцоотой байж компанийн засаглал сайжирна. Гэхдээ заавал хувьчлахаас илүү олон нийтийн хяналтад байх нь зөв гэж харж байна.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулж байна. Ингэхдээ төрийн байгууллагуудын албан хаагчдын 9 хувийг чөлөөлөх асуудал яригдсан. МИАТ үүнд ямар байр суурьтай байна вэ?
МИАТ ТӨХК орон тооны дутагдалтай байгаа. Сүүлийн 3-4 жилд онгоцны тоо нэмэгдсэн. 2023 онд манай компани дөрвөн онгоцтой байсан бол одоо 10 онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Нислэгийн сүлжээ ч өргөжсөн. Үүнийг дагаад нисгэгч, үйлчлэгч, агаарын хөлгийн инженер, техникийн ажилтнуудын тоо нэмэгдэхээс өөр аргагүй. Мэргэжлийн ур чадвартай хүмүүсийн дутагдалтай байгаа. Иймд одоо байгаа хүний нөөцөө барьж үлдэхгүйгээр цомхотгож болохгүй. МИАТ ТӨХК 1098 хүний орон тоотой. 945 нь үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнууд. Үлдсэн нь захиргаа, санхүү, IT чиглэлийн хүмүүс. Цомхотгол ямар хэмжээнд хэрхэн хийгдэхийг мэдэхгүй. Бид үйлдвэрлэлийн нөхцөл байдлаа бүгдийг нь тайлбарлаад явж байгаа. Түрүүн дурдсанчлан нислэгт аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Түүнийг хангуулдаг үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнууд тун чухал.
-Таныг 30 сая төгрөгийн цалинтай гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?
-Гүйцэтгэх захирлын хувьд би 30 сая төгрөгийн цалин авдаггүй. Хэвлэлийн хурлын үеэр уул уурхайн компаниудтай андуурагдаж хэлсэн байх гэж бодож байна. Энэ ТӨК-иудын цалинг бууруулж, урамшууллын системд оруулна гэдэг маш зөв үйлдэл гэж харж байгаа. Энэ бол нэг урам өгөх мотивац. МИАТ компанийн хувьд нисгэгч, инженер, техникийн ажилтнуудын цалин маань дэлхийн түвшинд нэлээн дөхөхүйц өндөр. МИАТ компанийн хувьд бол сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэлийн үнэлгээ дээр суурилсан цалингийн жишиг рүү шилжсэн. Гүйцэтгэлээрээ буюу хэр сайн ажиллаж байна төдий чинээ урамшуулал авдаг систем рүү шилжчихсэн. Энэ системийг бүх ТӨК-ууд хийх ёстой гэж харж байгаа.
-МИАТ-ийг ашиггүй ашиглаж, онгоцны түрээсээ төлж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл өнгөрсөн хавар гарсан. Танай байгууллага ер нь ашигтай ажиллаж чадаж байгаа юу?
-Манай компанийн хувьд 2022 онд 37 тэрбум, 2023 онд 57 тэрбум, 2024 онд 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Монгол Улсын агаарын тээврийн салбарын зах зээл, аялал жуулчлалын салбарын зах зээл зуны гурван сар л байдаг. Үндсэндээ 6, 7, 8 дугаар сард нийт бүтэн жил тээвэрлэж байгаа зорчигчдынхоо 50 хувийг тээвэрлэдэг. Арваад жилийн өмнөх үеэ бодвол МИАТ компани нэгж нислэг дээрээс олдог орлогын хэмжээг асар багасгасан.
МИАТ компанийн 2024 оны хагас жилийн тайланг аваад алдагдалтай буюу онгоцныхоо түрээсийг ч төлж чадахаа болилоо гэсэн ташаа мэдээлэл гарсан. Бид олон улсын агаарын тээврийн холбооны гишүүн, олон улсад гэрчилгээжсэн нэр хүнд бүхий байгууллага. Ингэснээр онгоц түрээслүүлэгч компанийн нэг сарын түрээсийг ч хоцроох эрхгүй. Түрээсээ нэг өдөр л хоцроох юм бол шууд төлбөрийн чадваргүй гэсэн ангилалд оруулдаг. Иймд сарын түрээс өгөхгүй байх, нэг өдөр ч хоцроосон байх ямар ч боломж байхгүй.
-Танай компани сүүлийн үед нэлээдгүй олон шинэ чиглэлийг нээж байгаа. Энэ нь иргэдийн эдийн засаг, цаг хугацаа хэмнэх олон талын сайн талтай. Харин байгууллагын хувьд санхүүгийн эрсдэлтэй юм биш биз дээ гэж харагдаад байдаг. Та үүнд хариулт өгөөч?
-Тийм ээ. “МИАТ” компанийн хувьд өнгөрсөн 7 дугаар сарын 1-нээс Улаанбаатар-Шанхай хотын чиглэлийг нээж, хөгжүүлээд явж байна. Мөн Улаанбаатар-Эрээн хотын чиглэлийг энэ сарын сүүлээр нээх байх. Цаашлаад ирэх арваннэгдүгээр сарын 4-нөөс Улаанбаатар-Сингапурын чиглэлийг нээнэ. Мэдээж шинэ чиглэл нээх тутам шууд ашиг хийгээд явах боломжгүй. Тодорхой хэмжээний алдагдлыг заавал үүрч явна. Энэ зөвхөн МИАТ компани биш Монгол Улсын агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудын хувьд бол хамгийн том хүндрэлтэй асуудлуудын нэг.
-АНУ руу шууд нисэх ажил ямар шатандаа явж байна?
“МИАТ” компанийн хувьд АНУ-ын нислэгийг энэ цаг үед шууд нээвэл бидний хувьд тун таатай нөхцөл байдал нь бүрдээд байгаа. Учир нь АНУ, БНХАУ хоорондоо эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч байгаатай холбогдуулан Америк, Хятадын хооронд нислэгийн давтамж асар буурсан. Долоо хоногт 60 гаруй нислэг үйлддэг байсан бол одоо 20 орчим болсон байна. Энэ нь АНУ руу Зүүн өмнөд азиас дамжуулан нисэх боломжийг МИАТ ТӨХК-д олгоно гэж харж байгаа. Хятад болон Азийн бусад улсуудаас Улаанбаатараар дамжин АНУ руу хүн тээвэрлэнэ гэсэн үг шүү дээ. АНУ-ын иргэний нисэхийн байгууллага Монгол Улсын иргэний нисэхийн байгууллагыг аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэр зөв хэрэгжүүлдэг вэ гэдгийг нь шалгах ажил явж байна. Одоогоор АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой буюу холын нислэг үйлдэх өргөн биет гурван онгоц манайд байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх