О.Батнайрамдалыг Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар сонгожээ

Ц.Чимэдцэеэ
2025-08-14

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралджээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна.

  

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасан байдаг.

Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг хуралдаанд оролцсон 6 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжснээр тогтоол батлагдаж, О.Батнайрамдал гишүүн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдов.

Хуралд үргэлжлүүлэн “Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай” түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Б.Баярбаатар нар хэлэлцэж буй асуудал болон түр хорооны үйл ажиллагаатай холбоотой санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн, түр хорооны дарга О.Батнайрамдал тайлбар өгсөн.

Түр хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд зургаан сарын хугацаанд ачаалалтай ажиллах болно гэв.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин баталлаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe