Ард түмний элч гэдэг ялархаж хийдэг ажил биш

Ц.Чимэдцэеэ
2025-08-15

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудсаараа УИХ-ын гишүүний ажлаа өгнө хэмээн мэдэгдэв.

Тэр “УИХ-ын гишүүн гишүүн л гээд хуцацгаах. Тэрийг чинь болоод 1 л жил болж бн. Тэрнээс чинь түрүүлээд хүн болж төрөөд 40 жил болж байна!

Энэ ажил миний амь заяа, та нарын боддог оройн дээд оргил биш тул өгч байгаад та нартай алалцаж болж байна шүү, ёстой!!! Гишүүн гээд лалруудад доромжлуулаад хуцуулаад суудаг нь би биш! Ёстой торохгүй өгч чадна. Та нар тэгээд эрхэм дээдсүүд дээ хуу шаалгаад үеийн үеэрээ өр шир өтөнд баригдаад байж байхдаа яаг таарсан түмэн гэдгээ үзэцгээ! Чуулган эхлэхэд өгөмз!!!” хэмээжээ. 

Энэхүү мэдэгдэл нь эрхэм гишүүн сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд гэр бүлийнхээ асуудлыг дэлгэсний хариуд илэрхийлсэн олон нийтийн сөрөг санаа бодолд ёс зүйгүй үг хэллэг ашиглан маргаан үүсгэсэнтэй холбоотой юм.

Тэгвэл босгоогүй овоонд суудаггүй шаазгайн үлгэрээр өөрийнх нь дэлгэсэн хувийн асуудалд нь төр түшилцэх итгэл хүлээлгэсэн иргэд буруутай хэмээн ялархаж үл болно.

УИХ 3 сая иргэнээ төлөөлж, бодлого тодорхойлдог төрийн эрх барих дээд байгууллага. Гишүүн сэнтийд залрах нь хааны титэм бус харцын даалгавар. Тиймдээ ч тусдаа ёс зүйн дүрэмтэй, хориглох хэм хэмжээ, басхүү бүрэн тусгай эрхтэй.

Уг албыг горилохдоо УИХ-ын М.Нарантуяа-Нара 2016, 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, 2024 оны сонгуульд Иргэний зориг ногоон намын жагсаалтын хоёрдугаар эрэмбээр УИХ-д суусан байдаг.

Төр түшилцээд өгөхийг гуйж албадаагүйн учир өөрийн хүсэл зоригоор бууриа засаж, ханаа өрсөн энэ мэт гишүүдээс хариуцлага, ёс зүй нэхэхээс өмнө өөрийн шийдвэрийн үр дагаврыг өөрөө хариуцаж сурах “эрүүл ухаан” шаардах учиртайг сонгогч иргэд цаашид анхаарах биз ээ.

Хэрэв тэр хэлсэн ёсоороо ажлаа өгнө гэхэд түүний дураар шийдэгдэх зүйл бас биш. УИХ-ын тухай хуульд заасны дагуу өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрх нь дуусгавар болох хоёр тохиолдол бий.

Нэгдүгээрт хүндэтгэн үзэх шалтгааныг нь УИХ хүлээн зөвшөөрөх, хоёрдугаарт хүндээр өвчилсөн тухай эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн УИХ түүнийг ажлаа хийх боломжгүй хэмээн тогтоох ёстой юм.

Эс бөгөөс гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх тангаргаасаа няцсаны улмаас хуулийн хариуцлага хүлээнэ.

Ийнхүү УИХ-ын гишүүний индрээс буулаа гэхэд Сонгуулийн тухай хуульд зааснаар ИЗНН-ын жагсаалтын 5-рт эрэмбэлэгдсэн Т.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэн УИХ-д өргөн барина.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe