Ж.Золжаргал: Байрныхан тохижилт, гэр хорооллынхон бодлого ярьж байна

.Graph
2025-08-18

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргээр алхаж, иргэд сонгогчидтойгоо уулзжээ. Тэрбээр уулзалтынхаа талаар цахим хуудастаа өгүүлж, иргэдийн захиасыг тайлагнасныг хүргэж байна.

ДУНДЫН #МӨНГӨ

Хүмүүс дундаа мөнгө цуглуулав. Дундын мөнгийг хамгийн хэрэгтэй нийтлэг зүйлсээс эхэлж зарцуулах ёстой. Мөнгийг хуваарилах эрхийг Улсын их хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгов. Хуваарилсныг зарцуулах эрхийг Засгийн газар, нийслэл, дүүргийн удирдлагад өгөв. Хэрэгтэй юманд нь зарцуулахгүй үрэн таран хийгээд, өрөнд оруулаад байвал яах вэ? Хэнийг сонгож дундын мөнгөө даатгах нь ийм л чухал. Улс, нийслэл, дүүрэг, аймаг, сумын төсөв бол хүмүүсийн дундын мөнгө. Энэ мөнгөө хэрхэн зарцуулах талаар санаа бодлыг нь сонсох гэж байруудаар, гэр хорооллоор, дэлгүүрээр, гудмаар алхаж, хүмүүстэй уулзлаа.

ХҮҮХДҮҮД БАГТАХГҮЙ БАЙНА!

Хүн ихтэй, талбай багатай, хүүхэд залуус олон төвийн хорооллуудад цэцэрлэг, сургууль л хамгийн их хэрэгтэй байна. Хоёр мянгаад хүүхэдтэй хороонд улсын сургууль огт байхгүй байх жишээтэй. Дүүргээс тохижилт үйлчилгээндээ анхаараад ажиллаж л байгаа, харин сургууль цэцэрлэгийн хувьд УИХ-аас анхаарч төсөвт суулгах шаардлага аргагүй байна. Хууль тогтоогч гишүүний хувьд аж ахуй, тохижилт үйлчилгээг шийдэх боломж хязгаарлагдмал. Гэхдээ улсын төсөв батлалцах эрх үүрэгтэй. Нэгэнт бүх асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш боловсрол, эрүүл мэндийн чиглэлд гол анхаарлаа хандуулна.

ГАНЦ САЯ ТӨГРӨГ?!

Төсөвт ямар санал өгөх вэ гээд асуугаад явж байхад “тэргүүн зэрэгтэй гэмтлийн эмчийн үндсэн цалин 1.5 сая төгрөг байхад өөр ямар юмандаа санал авах гээд байгаа юм” гэж уурсахтай тааралдсан. Шударга шаардлага. Эмч нарын ачаалал маш их, ажил хүнд, цалин бага. Элдэв чулуу, хавтан, барилга байшинд зарж байгаа мөнгөө эд нартаа зарцуулах шаардлагыг тавина, тийм хандлагыг дэмжинэ. Багш нар ч мөн адил. Цагдаа, шинжээчийн ажил хийдэг залуустай уулзсан. Хүчирхийллийн золиос болсон хүмүүс, хуучирч муудсан цогцос гээд хамгийн хэцүү зүйлстэй ханцуй шамлаад ноцолддог тэд бас л сая гаруй төгрөгийн цалинтай. Онцгой, гал түймрийнхэн байна. Ер нь нийтийн мөнгийг нийтэд үйлчилдэг хүмүүсийн цалин хөлснөөс харамлачхаад онц шаардлагагүй юманд зарцуулахаа болимоор байна. Төсвийг хүндээ, харин хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээр хийх чиглэлийг аль болохоор баримтлахыг шаардана.

ОРЦНЫ ГЭРЭЛ ШАТАХАД НАМ ХАМААГҮЙ

Хороо зүгээр л нийтэд үйлчилдэг нээлттэй газар баймаар байна. Хэсгийн ахлагч нар манай танай нам гэж ялгалгүй оршин суугчдадаа тэгш хүрч ажиллах, иргэний танхимд настнууд ирж ярьж хөөрдөг, хүүхдүүд цуглаж ном уншдаг, дугуйлан сургалт явагддаг, оршин суугчид цугларч тохижилт, төсөв төлөвлөгөө ярилцдаг байх ёстой. Иргэд намгүй дүүрэг, хороог хүсэж байна. Иргэдийн төлөөлөгчдөө ч бас чөлөөтэй байлгамаар байна.

ДЭЭВРИЙН ДУСААЛ ЗОГСООДОГ ГИШҮҮН

УИХ-ын гишүүн бол хууль тогтоогч. Харин уулзсан хүмүүс ихэвчлэн тохижилт үйлчилгээ ярьдаг. Яагаад гэвэл түүнийгээ ярих, хэлэлцэх талбар үгүйлэгдэж байна. Байдал нэгэнт иймээс хойш гээд тэмдэглэж аваад шахаж шаардана, араас нь хянана. Иргэний оролцоо, хяналт ажиллахгүй байгаа болохоор гишүүнд хэлдэг, гишүүн нь дүүрэгт байгаа дарга нартаа хэлдэг, тэд нар нь цааш ажил болгодог намын хэлхээ төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсыг хүчгүйдүүлчихсэн байна. Уг нь иргэдээс ирсэн хүсэлтээр ажиллах тогтолцоог монголчууд Үндсэн хуулиараа тогтоосон. Иргэдийн төлөөлөгчдийн хурал одоохондоо бас идэвх нөлөөтэй байна. Хорооны иргэдийн нийтийн хурлыг харин намжуулаад алга болчхож. Энэ орон зай үгүйлэгдэж байна.

БАЙРНЫХАН ТОХИЖИЛТ, ГЭР ХОРООЛЛЫНХОН БОДЛОГО ЯРЬЖ БАЙВ

Зогсоол. Дулаалга. Дахиад фасад дулаалга. Тоглоомын талбай. Ахмадуудад зориулсан арга хэмжээ. Тохижилт үйлчилгээ. Эзэмшлийн газар. Хорооны үйлчилгээ. Иргэний танхим. Явган зам. Аюулгүй хот. Төмөр замын чимээ. Жимс ногооны ТҮЦ. Автобусгүй гэр хороолол. Дахин төлөвлөлт. Архи. Хашааны газар. Гараашаа дээрэмдүүлэхгүй гэж тэмцсэн дугуй засварынхан. Хувийн аж ахуйн дарамт. Зөвшөөрлийн дарамт.

Хамгийн гол нь татварын дарамтыг ажил хийдэг, аж ахуй эрхэлдэг хүн бүр хэлж байна! Сонирхолтой нь байрныхан тохижилтын талаар, гэр хорооллынхон илүү бодлого ярьж байх нь анзаарагдлаа.

THE CREW

Гишүүний зөвлөх, туслахаас гадна дэмжигч андууд ээлжлэн оролцож, хүмүүстэй уулзаж хамт явлаа. Албадлагагүй, төлбөргүй, ардчилалд итгэдэг, оролцох хэрэгтэй гэж боддог, санаа нийлдэг тэднийхээ хүчээр ганцаардалгүй, итгэлтэй явлаа. За сонирхуулахад инженер, эдийн засагч, бизнесийн чиглэлийн мэргэшилтэй, Англи, Хятад, Орос, Польш, Герман хэлтэй хүмүүстэй хамт явсан гэдгээ сайрхах зорилгоор биш санаа тавьж оролцдог иргэд байдаг гэдгийг харуулахын тулд хэлж байна.

ЗАХИАС

Олон захиас сонсов. Төлөөлөөд гурвыг иш татъя. 

  1. Улсын их хурал зөв бодлого гаргахад сөрөг хүчин хэрэгтэй шүү.
  2. Хүн хүн өөр өөрийнхөө хэмжээнд л амьдралаа аваад явчихна, гол нь нийгэмд тэгш, шударга хандлага л үгүйлэгдэж байна, үүнийг л анхаараарай.
  3. Хоосон ирээд хоосон буцдаг хорвоод төр түмний ажил хийж байгаа та нар шуналаас хол явбал тэгээд болно доо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe