Монгол Улсын Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан хийж байна.
Энэ жил ихэнх нутгаар гантай, зуншлага тааруу байгаа бөгөөд үүнээс шалтгаалан ирэх өвөл зудтай байх магадлалтайг ЦУОШГ-аас анхааруулжээ. Иймд иргэдийн амьдралд нэн шаардлагатай гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөцийн тогтвортой байдалд анхаарах хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар санууллаа.
Тодруулбал, гантай, зудын эрсдэлтэй аймгуудад мах бэлтгэлийн ажлыг оновчтой зохион байгуулж, санхүүжилт, агуулах, нөөцийн асуудлыг тодорхой шийдвэрлэх, ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэлийг цаг хугацаанд нь гүйцэтгэж, өвөлжилтөд бэлтгэх ёстойг анхаарууллаа.
Мөн Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орохтой холбогдуулан ОХУ-аас нийлүүлэх шатахууны тогтвортой хангамжийн асуудал үүсэж, шатахууны үнэ өсөх, нийлүүлэлт гацах магадлалтайг дурдлаа. Харин өнгөрсөн долоодугаар сард баруун аймгуудын хилээр орж ирдэг АИ92 шатахууны хэмжээ багассан тул баруун аймгуудад шатахууны хомстол үүссэн. Одоо бол салбар яамдуудаас шатахуун тасалдаж, хомстсон зүйл байхгүй гэх тайлбарыг өгч байгаа аж.
Холбогдох тогтоолуудын дагуу жил бүр ган, зудын эрсдэлийн үнэлгээг урьдчилан хийж буй. Энэ жилийн эхний үнэлгээг 7 сарын 25-нд урьдчилсан байдлаар авчээ. Уг үнэлгээгээр нийт 330 сумын 220 гаруй сум нь өндөр хуурайшилтай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээрэг сайнгүй, өндөр гантай, зуд нүүрлэх эрсдэлтэй гарчээ. Тухайлбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь зэрэг аймгууд өндөр эрсдэлтэй гэж гарсан бол Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Дорнод, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дундаас дээш эрсдэлтэй гэх эрсдэлийн үнэлгээ гарсан байна.
Товчоор бол нийт нутгийн 60-70 орчим хувь нь эрсдэлтэй бөгөөд өвөл хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа аж.
Өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх