2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцах бол ерөнхий боловсролын сургуульд 830 орчим мянган хүүхэд суралцах аж. Энэ нь өмнөх жилийнхээс 30 орчим мянган хүүхдээр нэмэгдсэн тоо юм.
Цэцэрлэгийн хүүхдийн тоо өмнөх жилээс буурч байгаа хэдий ч хүн амын нягтаршилд харилцан адилгүй байгаагаас шалтгаалан зарим газруудад нэмэлтээр анги танхим шаардагдах хэрэгцээ байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 30 мянгаар өсөж байгаатай холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгамдаж байна.
Тодруулбал, нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32.9 тэрбум төгрөгийн зардал, 2025 оны 9-12 сард 14.3 тэрбум төгрөгийн түрээсийн байрны зардал гарах төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай 7 сургуулийн барилга, 400 орны хүчин чадалтай 5 цэцэрлэгийн барилга, 280 орны хүчин чадалтай 1 цогцолборын барилга, 270 орны хүчин чадалтай 2 дотуур байрны барилга, ЕБС-ийн нэг спорт заалны барилга, их, дээд сургуулийн 1 спорт заалны барилга тус тус ашиглалтад оржээ.
Шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгүүдийн сандал ширээ, тоног төхөөрөмжүүдийг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, сургуулиудад нийлүүлнэ. Одоогоор Сангийн яамнаас тус санхүүжилтийн зөвшөөрлийн бичгийг хүлээж байна.
Энэ жил 78 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, 2-5 дугаар ангийн хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад тараах аж.
Мөн энэ хичээлийн жилд 1000 гаруй цэцэрлэгийн багш, 3200 орчим сургуулийн багшийн сул орон тоо байна. Уг сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт арга замаар хангалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна.
Иймээс Боловсролын яам, ГБХНХЯ болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хамдран багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг ойрын хугацаанд холбогдох тооцооллыг хийж, Засгийн газарт танилцуулан хэлэлцүүлэх аж.
Сэтгэгдэл үлдээх