Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах ажлыг хэсгийг Эрчим хүчний яаманд томилуулан ажиллуулж буй.
2025 оны 8 сарын 15-ны байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийж байгаа аж. Харин 49 турбин генератораас ажилд 24, бэлтгэлд 9 байгаа бөгөөд 16 турбин генераторыг засварлаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засварт 759 нэр төрлийн ажилд 154.9 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын арга хэмжээний 436 нэр төрлийн ажилд 91.6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 598 төрлийн ажилд 185.5 тэрбум төгрөг буюу нийт 1793 нэр төрлийн ажилд 432.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Ийнхүү 2025 оны 8 сарын 15-ны байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачаалал 12 дугаар сард 1800 мВт хүрэх тооцоолол гарсан. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 мВт, батарей хуримтлуураас 160 мВт, салхин станцаас 30 мВт, импортоор 300 мВт тус тус хангаж, 113 мВт-ын хөнгөлөлт, хязгаарлалт хийхээр байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мВт хүчин чадалтай хоёрдугаар блокийг 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газарт танилцуулав.
Түүнчлэн өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Харин зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж буй “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн нүүрсний нөөц бүрдүүлэлт тасраад байна. Энэ нь тус станцад нүүрс нийлүүлэгч МАК ХХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, нүүрсний үнийг нэмэгдүүлэн, эрчим хүчний зохицуулах хороогоор тогтоолгох хүсэлттэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасраад байна.
Улаанбаатар хотын 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед нийт 31158 тонн цаг сүлжээний усыг халааж, 2060.2 Гкал дулааны ачаалалтай ажиллахаар байна.
Сэтгэгдэл үлдээх