ХХААХҮЯ 100 гаруй сая толгой малыг өвөлжүүлэхээр тооцоолол гаргаж, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ

.Graph
2025-08-18

Хүнс хөдөө аж ахуйн салбарын намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар  ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэл хийлээ. Тэрээр бэлчээрийн ургамлын гарц гангийн зураглалын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал баруун болон төвийн бүсийн аймгуудад хүндрэх төлөв ажиглагдаж байгаа талаар мэдээлсэн юм. 

Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 57,6 сая толгой мал, 2025 онд 20 сая толгой төл хүлээж авч бойжуулжээ. Өнөөдрийн байдлаар 77,6 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 130 сая толгой мал бэлчээрлэж байна. ХХААХҮЯ 100 гаруй сая толгой малыг өвөлжүүлэхээр тооцоолол гаргаж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж эхэлжээ. 

Малын тоо толгойг аймгаар нь авч үзвэл хамгийн олон малтай буюу Хөвсгөл болон Төв аймгуудад бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу дийлэнх сум гандуу байгаа юм.  Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад малын тоо ихтэй ч бэлчээрийн ургацын гаралт харьцангуй сайн байна. 

Байгалийн хадлан бэлтгэх боломжгүй байгаа Төв аймгийг Хэнтий аймагтай, Дундговь, Баянхонгор аймгуудыг  Дорнод аймагтай хадлан хадуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулжээ. Мөн Архангай аймаг болон бусад хадлан бэлтгэх боломжгүй аймгуудын захиалгын хүлээн авч зүүн бүсийн хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай холбогдох гэрээг байгуулан ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe