Монгол Улсын Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин энэ өвлийн агаарын бохирдолтой тэмцэхээр ямар ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаараа танилцуулсан юм.
Нийслэл 2025-2026 оны өвөл хагас кокс шахмал түлшийг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Одоогийн байдлаар гэрээ байгуулах шатан дээрээ явж байгаа бөгөөд үүний дараа импортлох асуудал яригдах аж.
Энэ өвөл 306 мянган тонн хагас кокс шахмал түлш худалдаж авах ба мидлингээр үйлдвэрлэдэг шахмал түлшийг 40 мянган тонны нөөцтэй байлгахаар бэлтгэл хангаж байна.
Хагас коксон шахмал түлшний импортыг дэлгэрүүлбэл, 9, 12, 1, 2 дугаар сард 51 мянган тонн, 10, 11 сард 60 мянган тонны татан авалт хийх бөгөөд 400 орчим борлуулалтын цэгт нэг бүрийг нь (нэг шуудай нь 25 кг) 5000 төгрөгөөр иргэдэд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 28.9 хувийг 804 мянга гаруй автомашин, 55.6 хувийг 171 мянга гаруй гэр хорооллын айл өрх, 15.5 хувийг бусад хүчин зүйлүүд бүрдүүлж буй.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 2025 оны 7 сарын 22-нд баталсан байдаг. Үүний ногоон бүсэд 103,090 өрх, шар бүсэд 67,765 өрх оржээ. Ийнхүү ногоон бүсад багтсан айл өрхүүд хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн түлш түлэхийг хориглосон юм.
Энэ жилийн тухайд Чингэлтэй, Баянгол дүүргийн 5 хорооны 5000 орчим өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр төлөвлөжээ. Үүний 3361 нь байшинд, 1468 нь гэрт амьдардаг өрхүүд байна.
Ташрамд, НИТХ-ын тогтоолоор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлшийг хэрэглээнээс халж, цахилгаан болон хийн түлшинд шилжвэл үнийн урамшуулал олгох аж. Тодруулбал, халаалтын улирал буюу 9 сарын 15-наас 5 сарын 15-ны хугацаанд нийт 900 мянган төгрөгийн урамшуулал олгох юм.
Энэ мэтчилэн хагас кокс болон хийн халаагуурт шилжсэнээр агаарын бохирдлыг хамгийн багадаа 26 хувиар буурах аж. Түүнчлэн тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл зэрэг арилах боломжтой гэнэ.
Сэтгэгдэл үлдээх