Газрын ховор элемент, түүний нийлүүлэлтэд тулгамдаж буй зарим асуудал: Одоо өрнөж буй үйл явдлуудаас бид юуг мэдэх шаардлагатай вэ

.Graph
2025-08-19

Газрын ховор элемент (Critical minerals) нь аливаа улс орны үндэсний аюулгүй байдал, өндөр технологийн өрсөлдөөнд тэргүүлэх байр сууриа бататгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин АНУ-ын хувьд газрын ховор элементийг БНХАУ болон ашигт малтмалын нөөцөөр баялаг дэлхийн бусад улс орнуудаас импортлон нийлүүлэлтийг тогтвортой, удаан хугацаанд хангах зорилготой. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа тус улсын газрын ховор элементийн нөөцийг бүрдүүлэх асуудалд баримталж буй бодлого, байр сууриа хэрхэн өөрчилж буй тухай энэ удаагийн нийтлэлд товч өгүүлэх болно. 

Газрын ховор элемент, түүнийг тойрсон өрсөлдөөн

Стратегийн ач холбогдолтой газрын ховор элементүүд нь аль ч улс орны хувьд эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, тээвэр гэх мэт дэд бүтцийн салбаруудын тогтвортой хөгжилд чухал үүргийг гүйцэтгэнэ. Энэ утгаараа дэлхийн их гүрнүүд стратегийн чухал ач холбогдолтой ийм ашигт малтмалуудын нөөцтэй бусад улс орнуудаас нийлүүлэх, авах бодлого барьж байна. Гэвч Хятад газрын ховор элементүүдийн нөөц, тэдгээрийг олборлох, боловсруулах хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж буй нь энэ салбарт өрсөлдөөний гол эх үүсвэр болж буй юм.

Чили улсын Атакама Солт Флат дахь литийн уурхай

Чили улсын Атакама Солт Флат дахь литийн уурхай

“Газрын ховор элементүүдийн нөөц, олборлолт, нийлүүлэлт”-д тулгуурласан Бээжингийн бодлого нь Вашингтоны эрх баригчдын хувьд түгшүүрийн дохио. Иймд АНУ-ын үе үеийн засаг захиргаа нь газрын ховор элементийн нийлүүлэлт, худалдан авалтын хэт хамааралтай байдлаа бууруулах арга замыг эрэлхийлсээр иржээ.

АНУ-ын Засгийн газар дотооддоо газрын ховор элементийн олборлолтыг дэмжих бодлого, харин гадаад бодлогын хувьд ийм ашигт малтмалын нөөцөөр баялаг улс орнуудтай хамтран ажиллах замаар нийлүүлэлтээ тогтвортой байлгах бодлого хэрэгжүүлж байна. 

АНУ-ын Засгийн газар 2022 онд эдийн засгийн өсөлт, үндэсний аюулгүй байдалд нь чухал ач холбогдолтой гэж үзэж буй 50 ашигт малтмалыг зайлшгүй шаардлагатай “шатах түлшний бус” ашигт малтмал гэж тодорхойлсон. Эдгээрийн дотроос нэр бүхий 17 төрлийн металл эрдэс нь нэн ховор, хамгийн чухал элементэд тооцогддог. Энэ 17 элемент нь дэлхийн газрын гадарга, царцдас дээр элбэг байдаг ч төвлөрсөн нөөц, орд байдаггүй тул олборлолтод ихээхэн хүндрэл учруулдаг аж.

Газрын ховор элементүүд нь бүгд дэлхий даяар хязгаарлагдмал нөөцтэй, олборлолт, үйлдвэрлэлийн хомсдол, геополитикийн эрсдэлээс үүдэн “нийлүүлэлтийн сүлжээ” нь тасалдах өндөр магадлалтай, эмзэг байдаг. Гэвч эдгээр элементүүдийг цахилгаан автомашины үйлдвэрлэл, сансар судлал зэрэг бүхий л өндөр технологийн олон төрлийн аж үйлдвэрийн салбарууд, түүний дотор батлан хамгаалах салбар, цэргийн зэвсэглэлд өргөн ашиглаж байна. Иймд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудад ийм төрлийн элементийн эрэлт хэрэгцээ нэн өндөр байж, газрын ховор элементийн зах зээл сүүлийн 5 жилд хоёр дахин нэмэгдэж 320 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна.

АНУ газрын ховор элементүүдийг хаанаас импортолдог вэ?

АНУ-ын Геологийн судалгааны 2025 оны тайланд дурдсанаар тус улс нь зэс, төмөр гэх мэт уул уурхайгаас олборлодог байгалийн гаралтай 21 төрлийн шатах, тослох түлшний бус ашигт малтмалын нийт хэрэгцээнийхээ 50 гаруй хувийг БНХАУ-аас ханган нийлүүлж байна. Мөн Канадаас 21 төрлийн, Германаас 11 төрлийн, Бразилаас 10 төрлийн, Япон, Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас тус бүр 7 төрлийн газрын ховор элементийг АНУ худалдан авдаг. 

Ерөнхийдөө, АНУ-ын хувьд нийт 12 төрлийн ашигт малтмалын импортоос 100 хувь, 28 төрлийн ашигт малтмалын импортоос 50 гаруй хувиар гадаадын улсын нийлүүлэлтээс хамааралтай байна. 

Газрын ховор элементийн нөөц, орд: БНХАУ

Дэлхий нийтийн хэмжээнд БНХАУ газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд “ноёрхож” байна. БНХАУ-ын ӨМӨЗО-д байрлах Баян Овоогийн уурхай нь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн орд гэж тооцогддог. Тус орд нь БНХАУ-ын газрын ховор элементийн олборлолт, аж үйлдвэрийн салбарын “тулгын чулуу” юм. Уул уурхай, ашигт малтмалын салбарын шинжээчдийн үзэж буйгаар Бээжингийн эрх баригчид олон арван жилийн турш төрийн бодлогоор дамжуулан тус улсын газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт, баяжуулах үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Хятадын хувьд газрын ховор элементийн нөөц, олборлолт, нийлүүлэлт, мөн бусад улс орнуудаас импортолж буй хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ утгаараа дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээний 80 орчим хувь нь БНХАУ-д төвлөрдөг аж.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хот дахь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн ил уурхай

БНХАУ-аас гадна хэд хэдэн улс газрын ховор элементийн ордуудтай. Өмнөд Америкийн Литийн гурвалжин гэж нэрлэгддэг Аргентин, Болив, Чили улсууд нийлээд цахилгаан машин, зай хураагуурын чухал түүхий эд болох литийн 50-60 орчим хувийг нийлүүлдэг. Харин Африк тивд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) нь кобальт, колтаны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг, алт, зэсийн томоохон ордуудтай. Түүнчлэн Украин улс энэ төрлийн ашигт малтмал, байгалийн баялаг нөөцтэй. 

Украин улс дэлхийн нийт газрын ховор элементийн ордуудын 5 орчим хувийг, Европын хамгийн том литийн нөөцийг эзэмшдэг. Мөн Бразил, Канад, Гринланд, Энэтхэг, Индонез, Орос, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Замби улс тодорхой баялаг нөөцтэй.

ОХУ Украин улс руу халдан довтолсон үйл явдал, БНХАУ-АНУ-ын хоорондох стратегийн өрсөлдөөн, Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлаас үүдэн дэлхийн газрын ховор элементийн ханган нийлүүлэлтийн сүлжээ эрсдэлд орсон.

Украины газрын ховор элементийн нөөц, олборлолт

Украины газрын ховор элементүүдийн стратегийн ач холбогдол үнэлж баршгүй өндөр. Эдгээр байгалийн нөөц, баялаг нь тус улсын батлан хамгаалах, өндөр технологи, сансар судлал, ногоон эрчим хүч гэх мэт аж үйлдвэрийн салбарын чухал эх үүсвэр болдог. Украины газрын ховор элементийн нөөц нь ногоон хөгжлийг дэмжин хөгжүүлж буй улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Ялангуяа, ОХУ, БНХАУ газрын ховор элемент, түүхий эд импортлогч улс орнуудын хувьд хараат байдлаа багасгах зорилготойгоор Украин улстай хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлсээр ирсэн.

Украины төв хэсгийн Кировоград муж дахь ильменитийн ил уурхай

Украин улс ойрын ирээдүйд титан, лити, берилли, манган, галли, уран, циркон, бал чулуу, апатит, флюорит, никель зэрэг газрын ховор элементийн гол нийлүүлэгч болох нь тодорхой гэж судлаачид үзэж байна. Тус улс нь Европ дахь титаны нөөцөөрөө тэргүүлэгч буюу (дэлхийн нийт нөөцийн 7%)-ийг эзэмшдэг.

Орос-Украины хоорондох дайн үргэлжилж буй хэдий ч тус улсын газрын ховор элементийн олборлолтын хэмжээ өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа. Европын холбооны гишүүн улсуудын хувьд өсөн нэмэгдэж буй өндөр технологийн хөгжил, ногоон эрчим хүчний хөгжилд Украины газрын ховор элементийн нөөцийг ашиглах сонирхол улам бүр нэмэгдэж байна. Учир нь тус улсад 116 төрлийн 20,000 орчим ашигт малтмалын орд газар бий. Орос Украин руу 2022 онд довтлохоос өмнө эдгээр ордын 15%-д нь, түүний дотор металл ангиллын 147, метал бус ангиллын буюу хүдрийн 4,676 ордод олборлолт хийж байжээ. 

Энэ агуулгаараа Украин өнөөдөр улс орнуудын анхаарлын төвд, улс төр, геополитикийн өрсөлдөөн, “дайны талбар” болоод байна гэж дүгнэж болох биз ээ.

Эх сурвалж: https://arctusanalytics.com/ | Х.Золжаргал, Э.Эрдэнэ-Очир

CFR https://www.cfr.org/article/us-critical-minerals-dilemma-what-know

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe