Монголын пост-арт рок хамтлаг Blindfold энэ есдүгээр сард Индонезийн Бали арал дээр болох олон улсын Axean showcase фестивальд тоглохоор уригджээ.
Англи болон монгол хэлээр уран бүтээлээ туурвидаг, 21-23 насны зургаан залуугаас бүрдсэн тус хамтлаг 2022 онд анх таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна.
Blindfold нь дуугаараа дамжуулан хүний эрх, эрх чөлөө, эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний үнэт зүйлсийн талаар зоригтойгоор дуугардаг ба “Бид хөгжмөө өөрсдийн итгэл үнэмшил, үзэл санаанд тулгуурлан бүтээдэг бөгөөд сонсогчдод юу таалагдах вэ гэхээс илүү, юуг мэдрэх, юуг бодох хэрэгтэйг харуулахыг хүсдэг.” хэмээн онцолсон байдаг.
Тэд одоо Бали руу зорчих зардлаа босгохын тулд ирэх наймдугаар сарын 23-нд “Manlai vs. Rockstars” нэртэй 5 дах бие даасан тоглолтоо On’N Off Event Hall-д хийхээр бэлтгэж байна.
Axean фестиваль гэж юу вэ?
2020 оноос эхлэн зохион байгуулагдаж буй Axean хөгжмийн фестиваль нь Азийн шинэ уран бүтээлчдийг дэлхийд гаргах зорилготойгоороо онцлог. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 орны 240 гаруй уран бүтээлчийг урьж оролцуулжээ.
Энгийн хөгжмийн фестивалиудаас ялгаатай нь, энэхүү “showcase” фестивальд үзэгчид бус, харин олон улсын томоохон хөгжмийн продюсерууд, фестивалийн үүсгэн байгуулагчид, хөгжмийн label-үүдийн төлөөлөл оролцож, шинэ дуу хоолойг нээн илрүүлж, хамтран ажиллах боломжийг зорин ирдгээрээ онцлогтой.
Амжилтын жишээ
Алдарт Coldplay хамтлаг 1998 онд шинэхэн хамтлаг байхдаа Манчестер хотын In The City showcase фестивальд оролцсоноор алдарт хөгжмийн publisher Debs Wild-ын анхааралд өртөж, гэрээ хийн нэр алдрынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Харин Lover Boy дуугаараа танигдсан Тайландын уран бүтээлч Phum Viphurit 2017 онд Тайландын showcase фестивальд оролцсоноор олон улсын хөгжимчид, продюсеруудын хараанд өртөж, дараа дараагийн амжилтынхаа суурийг тавьжээ.
Монголын залууст нээгдэж буй боломж
Энэ удаад Blindfold хамтлагийн залууст ч мөн адил дэлхийн том фестивальд оролцож, label-үүдтэй гэрээ хийж, олон улсын тавцанд гарах асар том боломж нээгдээд байна. Тус хамтлагт фестивальд оролцоход нийтдээ 30 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг бодит болгохын тулд тэд Монголынхоо дэмжлэгийг хүсэж байгаа юм.
Та тэднийг дэмжихийг хүсвэл fundea.mn сайтаар орж “Монгол Рок Axean Фестиваль руу” гэсэн цэсээр хандив өгөх боломжтой. Мөн наймдугаар сарын 23-нд болох тоглолтод нь ирж, мерчүүдээс нь худалдан авч дэмжээрэй.
Тоглолтод Magnolian, Starfish, Trishna, Solis in May, Dusty Tapes, NewBorn зэрэг хамтлагууд урилгаар тоглох бөгөөд тасалбарыг portal.mn-ээс Midbird 25% хөнгөлөлттэйгөөр авах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх