Боловсорч өгдөггүй боловсролын салбар

Б.Б.Энхтулга
2025-08-19

Багш нар цалин, нөхцөл байдлаа сайжруулах шаардлага тавин Боловсролын сайд П.Наранбаяртай өчигдөр уулзаж саналаа солилцлоо. Энэ уулзалт цөхрөл нь доод цэгтээ тулсан багш нар аргацаах гэж оролдсон сайд нарын мөргөлдөөн дунд дорвитой шийдэл дээр тогтож чадалгүй өндөрлөсөн юм. Харин ч савнаасаа хальж сэтгүүлч, багш хоёрын зодоон болж багш нарын нөхцөл байдал руу өнгийж байсан олныг зодооны сэдэв рүү холбируулж орхив. Монголчууд мэднэ дээ. Жил бүр л багш нарын амьдрал, ажлын нөхцөл байдал, цалин тэтгэмжийн асуудал яригддаг. Аргалаад сурчихсан сайд, дарга нар нь тухайн үедээ ямар нэгэн байдлаар аргалаад л өнгөрч байлаа. Харин удаагийн цөхрөл үнэн гэдгийг шаардлага хүлээж авахгүй бол 5000 гаруй багш нар ажил хаяхад бэлэн байгаа нь илтгэж байгаа юм. Үнэхээр багш нарын нөхцөл муу байгаа нь  гарцаагүй үнэн шүү.

Хэн буруутай вэ?

Гэхдээ багш нарын цалинг нэмэхээс өмнө боловсролын салбарын урагшгүй байдлыг анзаарч нэг харах хэрэгтэй. Энэ салбар олон жилийн турш нэг л хэлбэрт баригдаж тэр л хэлбэр рүү гээ дүрсээ шахдаг социалист жишгээр явсаар ирсэн. Боловсроод байгаа юм уу гэхээр үгүй. Боловсрохгүй байгаа юм уу гэхээр бас л үгүй. Үе үеийн сайд нар нь өөрчлөлт, шинэчлэлтийн талаар сүржин ярьдаг ч улс төрийн “попролт” болоод л өнгөрдөг. Үндэс биш бүр мөчир, салаа нь ялзарсан байдалтай олон жилийг боловсролын салбар үдэв. Тийм ч учраас багш нар цалин, нөхцөл байдлаа ярьж байгаа бол нэг мөр боловсролын системийн шинэчлэл, багш нарын ур чадварын асуудлаа ч давхар ярих ёстой. 2005 оноос эхлэн ерөнхий боловсролыг 11 жил, 2008 оноос харин 12 жилийн тогтолцоо руу шилжүүлж хүүхдүүдийг зургаан настайгаас нь сургуульд элсүүлдэг болгосон. Үүнийгээ дэлхийн жишиг тогтолцоо руу шилжүүлж байгаа нь энэ гэж тухайн үед хэлж байлаа. Үнэн, гэхдээ боловсролын системээ энэ тогтолцоотойгоо уяж өөрчлөөгүй хуучин социалист систем дээрээ үлдээд өнөөдөртөө золгож байна. 10 жил соц системээр яргалдаг байсан бол тэр нь нэмэгдээд 12 жил л болсон.

Гаднын жишгийг даган дуурайж байгаа бол тэдэнтэй ижил систем рүү шилж. Монгол хүнийг бүтээе гэж байгаа бол мөн л системээ өөрчил, шинэчил. Багш бэлтгэдэг системээ ч түүндээ тааруулж өөрчил. Зөвхөн тоо бодуулж уншлага хийлгээд хүүхэд хөгждөггүй гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд аль олон жилийн өмнөөс системээ шинэчлээд үр дүнгээ үзээд явж байна. 

Өөрчлөх цаг нь болоод хэдэн арван өнгөрч байна. Жишгийг нь дуурайгаад байгаа гаднынхнаасаа хоцорчхоод байна шүү сайд, дарга нар минь.   Мэдээж энэ гажуудлыг багш нар биш УИХ, Засгийн газар засаж өөрчлөх ёстой. Гэвч хэн ч засахыг оролдоогүй нь тийм ч гайхаад байх зүйлгүй. Яагаад тэгж хэлж байна гэхлээр нийгэм харанхуй, хоцрогдсон байвал улс төрчдөд илүү ашигтай. Харанхуйд хулгай, дээрэм, хүчин, авлига гээд хамгийн их гэмт хэрэг гардаг. Тэгэхлээр анхнаасаа л багш нарын нөхцөлийг дээрдүүлэх, цалин хөлсийг нэмэх, иргэддээ сайн боловсрол олгох бодол төр засагт байгаагүй юм шиг. Цалин, хангамж нэхээд сууж байгаа багш нар боловсролын салбарын ийм байдалд буруугүй ээ. Буруутан хайя гэвэл төр засаг л өнөөдрийн энэ байдалд буруутай.

Боловсролын салбар сайдын биш БАГШ нарын нуруун дээр...

Боловсролын салбарт мэргэжилдээ дуртай эсвэл эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөж явах гэсэн хэдэн багш нар нь л өдөр шөнөгүй, хоолтой хоолгүй зүтгээд байдаг. Юу ч өөрчлөгдөхгүй хэвээр. Өдөр бүр архи ууж зоддог нөхөр нь өглөө гарахдаа уухгүй гэж хэлээд орой нь уугаад ороод ирдэг шиг л төр засаг энэ салбарт яг л тэгж хандаж байна. Улсын сургуулийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 60 гаруй. 60 гаруй өөр сэтгэхүй, өөр үзэл бодолтой харьцана гэсэн үг. Тухайн багшид самбар, шохой хуучны хэдэн номоос өөр хэрэглэгдэхүүн байхгүй. Энэ жишээнээс харахад л ямар их ачааллыг дааж гарч байгаа вэ гэдэг нь харагдана. Сургуулийн орчин, сурагчдын хэрэглэгдэхүүн ч гэсэн ямар байдаг гэдгийг иргэд энд бичүүлэлгүй мэдэж байгаа. Гэтэл сайд нь тэрбум гаруй төгрөгөөр хурлын заалаа тохижуулж, бичиг цаасанд хэдэн зуун саяар нь үрдэг. Шинэ сайд томилогдвол шинэчлэл, нөхцөл байдал сайжирна гэж баярлах байтал эсрэгээрээ хэнийг нь сольж хэний хүн ирэх бол гэдэг айдас төрийн албаныхан дунд яригдаатай. Сургуулийн захирлууд нь ч гэсэн ялсан намын томилгоотой ирдэг. Сургуулийн газраа барилгын компанид зардаг. Хүүхдүүдийг авлигаар авдаг гэх мэтчилэн асуудал дуусахгүй. Засгийн газар солигдоод шинэ сайд ирлээ өөртөө ашигтай хийх зүйлээ хийчхээд болсон болоогүй юм ярьж байгаад буудаг. Салбартаа, салбарынхаа хүмүүст хүрсэн ийм ажил хийсэн дээ гээд хэлэх хүн сүүлийн 10 жил лав байсангүй. Энэ бол төр ард иргэдээ дээрэлхсээр ирсэн гажиг тогтолцооны нэг жишээ юм. Цагдаа, онцгой, цэрэг гээд төрийн бусад албан хаагч нар орон сууц, нийгмийн халамж хүртэж байгаа бол багш нарт төрөөс ямар ч нийгмийн дэмжлэг байдаггүй гэдгийг багш нар хэлж байна. Болохоо байгаад хоёр жилийн өмнөх үйлдвэрчний эвлэлийнхээ ерөнхийлөгчийн байртай болгоно гэсэн амлалтад нь итгээд гурван сар солонгост барлаг хийж хураасан, банкнаас зээлсэн мөнгөө өгчхөөд одоо болтол байр ч үгүй сууж байгаа гэв. Бусад төрийн албан хаагчдын халамжийг боль гэсэндээ биш монгол улсын ирээдүйг бэлтгэж байгаа энэ нийгмийн бүтээгдэхүүнүүдийг бэлтгэж байгаа багш нарыг ч гэсэн ижил түвшинд авч үзэх нь зүйтэй гэж л тэд шаардаж байна. Боловсролын салбар засгийн газрын сайд биш шүдээ зуун тэвчиж буй хэдэн багшийн нуруун дээр л өдий хүрлээ.

Багш нарын ур чадвар, бүтээмж...

Багш нар цалингаа нэмүүлэх яриан дор нөгөө талд нь багш нар яасан гэж цалингаа нэмүүлэх ёстой гэж. Хүүхдүүдэд өгч байгаа боловсролоо хар, хүүхдүүдтэй харьцаж байгаа харилцааг нь хар хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Гарцаагүй тэдний зөв. Гэхдээ дээр дурдсан шиг бид социалист боловсролын системээ ардаа үлдээгээд дэлхийтэй хөл нийлүүлж системээ шинэчилж, багш нарын хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлөө сайжруулж чадвал юмс аяндаа голдирлоо олно. Амьдралд нь хүрэхгүй цалинтай, хуучирсан барилга доторх ажлын байр нь шохой,  самбараас өөр хэрэглэгдэхүүнгүй нөхцөлд ямар хүнээс бүтээмж гарах бол. Ямар хүн 60 гаруй хүүхэдтэй анги хариуцаж авчхаад завсар зайгаар нь бусад ангиудад хичээл зааж, атгад багтахгүй хэдэн цаасаар амьдарлаа авч явахдаа өөрийгөө хөгжүүлж амжих уу гэдгийг бодож үзэх нь бас зүйтэй. Боловсролын яам ч гэсэн багшаа бэлтгэхээс эхлэн системээ шинэчлээд бэлтгэгдээд төгссөн нэг багш 20 гаруй хүүхэдтэй анги хариуцаж аваад, Бүндэн гуайн номоос салж технологи дээр суурилан хичээлээ заагаад, байр, тог, зээлээ толгой өвдөлгүй төлчихдөг болсон тэр үед бүтээмжийн талаар яривал илүү зохих байх. Өчигдөр болсон боловсролын сайдтай багш нар уулзах уулзалтын үеэр ч гэсэн багш нарын чадамжийг дээшлүүлэх, энэ салбарыг цогцоор нь шинэчлэх цаг нь болдгоо болоод хэтэрчихсэн гэдгийг олон нийтэд хангалттай харууллаа. Тэр цагт хүссэн хүсээгүй бүтээмж нэмэгдэж багш нарын ур чадвар ч ахиж өрсөлдөөн ч өрнөх болно.  

Багш нарын цалинг нэмэх мөнгө Монгол улсад байхгүй...

Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр хэлэхдээ багш нар цалингаа 50 хувь нэмүүлэх шаардлага тавьж байна. Монгол улсын төсөвт одоогоор тэр хэмжээнд нэмэх боломж байхгүй. 20 хувь нэмэх талаар ярилцаж байна. 20 хувь нэмэхээр бол нэг жилд нийт 510 тэрбум төгрөг төсөвт суулгах ёстой гэсэн тайлбар хийсэн. Гэтэл яг энэ асуудалтай зэрэгцээд ирэх жилийн төсөвт тойргоос сонгогдсон УИХ-ын нэг гишүүн нэг бүрд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр 5 тэрбум, жагсаалтаар сонгогдсон гишүүдэд 2 тэрбум төгрөг олгох санал явлаа. Хэдэн арван их наядаар баталж байгаа төсвөөс нь багш нарын нөхцөлийг сайжруулах мөнгө гарахгүй байгаад байдаг. Гэтэл гишүүддээ мөнгө тараах гээд байдаг. Гишүүдэд тараах энэ мөнгөн дүнг бодоод үзэхэд 500 орчим тэрбум төгрөг болно. Гишүүдийг худалдаж авах гэсэн энэ мөнгөө тэвчээд боловсролын салбарт зарцуулбал эхний ээлжид П.Наранбаяр сайдын хэлж байгаа 20 хувийн цалингийн нэмэгдлийг бүрдүүлэх боломжтой юм. Уг нь боловсролын яам нэг жилд зарцуулах төсвөөрөө хамгийн ихэд тооцогддог гурван яамны нэг. Энэ жил зарцуулах төсөв нь 4.5 их наяд орчим. Гайхалтай байгаа биз. Хамгийн их төсөв зарцуулдаг салбар нь хамгийн доод цэгтээ тулчихсан. Бүх юм нь хуучин. Төсвөө зөв зарцуулдаг бол тогтчихсон гажиг байдлаасаа хоромхон хугацаанд л гарахаар.

Гол санаа нь багш нарын цалинг 20 хувь, 50 хувь нэмээд ч энэ салбар уналттай хэвээр л байна. Өнгөн хэсгээ биш дотор хэсгээ засаж залруулж байж багш нар ч, сурагч, эцэг эх ч сэтгэл хангалуун, монгол улсын боловсролын салбар ч аврагдана. Системээ шинэчилж шинэ цагийн боловсролыг монголын ирээдүйг авч явах хүүхдүүдэд олгох нь хамгийн чухал. Энэ удаагийн шаардлага зүгээр л сайд, багш нарын хоорондын хэрүүл болж багш нарын цалинг хэдэн хувь нэмээд битгий дуусаасай. Багш нар ч гэсэн шаардлагадаа боловсролын салбарыг цогцоор нь шинэчил гэсэн зүйлийг нэмээсэй. Хаа хаанаа л өөрчлөлт хийх чухал үе монгол улсад ирж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe