Ардчилсан нам нэг л болж өгдөггүй дээ. Ахиад л хэд хуваагдаад намын даргын суудлын төлөө алалцаад эхлэв. Одоогийн дарга статустай байгаа хүн нь Л.Гантөмөр. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн толгойлсон хамтарсан засаг унах нь тодорхой болсон тэр мөчид намын даргын ажлаа хүлээлгэж өгөөд амар тайван амьдрахаа сэтгүүлчдэд хэлсэн. Л.Оюун-Эрдэнэд асар их гомдсон уу аль эсвэл их итгэлийн алдрал нь ийм байдалд хүргэсэн үү. Их хурдан шийдвэр гаргаж тэр өдөртөө л ажлаа өгөхөө илэрхийлсэн. Ямар хурдан шийдвэр гаргав гэж халаглах хүмүүс ч түүний эргэн тойронд цөөнгүй байсан. Гэхдээ одоо болтол намын даргын ажлаа өгөөгүй нь намын даргын төлөө нэгнээ хэмлэх шалтгаан болсон байх. Уг нь хэдэн тийшээ хараад суучихсан Ардчилсан намынхныг нэг тийш нь чиглүүлж гудамжаар нэг тарчихсан байсан гишүүдийг нь ажил төрөлтэй болтол нь тэнхээ оруулж, улсын бодлогод намын бодлогоо шигтгэж чадсан нэгэн.
Итгэл алдарч намын эвдрэл сэргэв...
Тэрээр 2024 оны сонгуульд УИХ-д 42 суудал авч сүүлийн 10 жил намдаа байхгүй үзүүлэлтийг үзүүлсэн ч хамтарсан засагт орсон нь сонгогч болон намын нөхдийн итгэлийг алдах эхний алхам байлаа. Удалгүй нийслэлд Ардчилсан нам Монгол ардын намд цэвэр ялагдаж ердөө таван суудал авсан нь хачир нэмэв. Орон нутгийн сонгуульд ч гэсэн намдаа манлайлал үзүүлж анхаарал хандуулаагүйд намын нөхөд ундууцаж байгаа харагдсан. Ямартай ч өмнөх хоёр сонгуулиар орж ирээгүй салхийг Ардчилсан намд оруулж намын гишүүд нь хүний өөдөөс эгцэлж харахаар болгосон нь үнэн юм. Түүнийг засгийн эрх мэдлээс буусан өдрөөс нь эхлээд л намын дарга хэн байх тухай ардчилсан нам дотор жиг жуг яриа явагдаад эхэлсэн.
Ардчилсан намын даргад санаархагчид...
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтбаяр, Л.Гантөмөртэй хамт хамтарсан засагт сайд хийж явсан УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Алтангэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй улс төрчид илээр биш ч далдуур санаатай байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэднээс гадна “Би нэг л өдөр Ерөнхийлөгч болно” гэж ярьдаг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч нэг зүйл бодож суугаа биз. Хуулиараа намын их хурлаа хуралдуулж улс төрийн намын тухай хуулийг мөрдөх хугацаа нь ирэх 12 дугаар сараар дуусаж байгаа учир гарцаагүй ҮБХ хуралдаж дүрэмдээ өөрчлөлт оруулах юм. Энэ хурлаар намын даргаа ч өөрчлөх нь тодорхой. Намын даргын асуудлын цаана мэдээж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх вэ гэдэг шийдвэр байгаа нь тодорхой. Хэдийгээр нам дотроо сунгаа явуулдаг ч намын дарга болж намын гишүүдийнхээ итгэлийг олж авсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өндөр магадлалтай юм. Тэр ч утгаараа намаа толгойлоод араас нь улсаа толгойлох итгэлтэй байгаа хүмүүсийн гар хөлүүд идэвхжиж нөгөө л нэг намын тамгаа хайн хэвлэлийн хурал хийж, янз янзын ярилцлага өгч эхлэв.
Ардчилсан намын айдас...
Гэхдээ тэд нэг хүнээс их л айж байгаа бололтой. Нэгэн цагт монголын төрийн тэргүүнд заларч байсан Х.Баттулга гэх хүн. Одоо цагт түүнийг хорны эзэн ч гэх болсон. Ардчилсан намын гишүүн, Генерал Б.Хурц: Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ Женкогийн засгийн газар огцорсон гэх гарчигтай ярилцлага өгсөн бол түүний араас АНУ-ын Чикаго хотын консулаар томилогдсон С.Эрдэнэ: Баттулга монголын заналт дайсан, Ц.Туваан АН-ын шинэ хатги гэх гарчигтай ярилцлага өгчээ. Ардчилсан намын нийт гишүүд дотор хамгийн их мөн үнэнч дэмжигчтэй хүн бол Х.Баттулга. Түүнийг орон нутгийн намын гишүүд нь танхимд орж ирэх үед Хойд Солонгосын удирдагч мэт л алга нижигнүүлэн хүлээж авдаг. Тийм учраас намын даргад горилж байгаа хүмүүсийн “Фракц”-ууд айх нь гарцаагүй. Ардчилсан нам угаас олон “Фракц”-тайн дээр Х.Баттулга намыг хагалан бутаргах ажиллагааг хамгийн сайн хийдэг гэх яриа олны дунд бий. Нэг гараа дүрээд голыг нь атгачихвал хэцүүхэн нөхцөл байдалд орно. Нөгөө талдаа нэр хүндээрээ л олны итгэлийг авдаг Х.Баттулга намын толгойд гараад суучихвал Ардчилсан нам ойрын хэдэн жил нар үзэхгүй нь тодорхой.
Ардчилсан нам “ЛИДЕР”-гүй хэвээр...
Яг одоогийн нэрс нь яригдаж байгаа эрхмүүдээс Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөх хүн байтугай намаа зангидаад толгойлчих нэр алга. Ардчилсан нам доторх улс төр, хуваагдал нь өөрөө “лидер”-ээ төрүүлэх цаг хугацаа боломжийг олгохгүй байгаа гэж харагдаж байгаа. Тогтвортой байдал, тогтсон үзэл бодол, сахилга баттай байж сонгогчид итгэл үзүүлж эхэлнэ. Тийм хэмжээний манлайлагч Ардчилсан нам дотор байсан ч ийм нөхцөл байдалд гарч ирэхгүй гэдэг нь тодорхой. Тогтворгүй гэдэг үг гоёдохоор тийм л өлгөн салган явж байгаа нь олон Ардчилсан нам доторх “фракц”-ын гай юм. Уг нь нөгөө том нам болох МАН-ын нэр хүнд эрчимтэй унаж байгаа энэ үед Ардчилсан нам бодлогоо зангидаж чадвал Ерөнхийлөгчтэй болох магадлал өндөр нөхцөл байдал харагдаж байгаа. Гэвч МАН-ын нөлөөгөөр бас болдоггүй хэдэн “фракц”-уудынхаа гайгаар энэ өрсөлдөөнөөс гарах тал руу хазайж байна. Ардчилсан намын гишүүд намын доторх зодоон ямар хор уршигтай вэ гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн ч ойлгох цаг хугацаа нь болоогүй бололтой.
Сэтгэгдэл үлдээх
Шударга гишүүн бүхэн, ек Баттулгыг дэмждэг6 Харин, хулгайч, өндөр албан тушаал хүртэгч байсан бүхэн, Баттулгаас, ухаан алдтлаа айдаг нь үнэн. Баттулгаас өөр хүн, даанч алга даа!
Tod
Дэмжих үү?
2 0