Ройтерс - Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Европын удирдагчидтай уулзсан юм. Уг уулзалтын дараа Украинд олгох аюулгүй байдлын баталгааг томьёолж, цаасан дээр буулгаж бэлэн болгоно хэмээн мэдээлсэн. Энэхүү баталгаа нь Украины армийг зэвсэглэх, холбоотнуудын хүлээх үүрэг, Украины цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ажээ.
Мөн Украины тал Европын орнуудаас олгох мөнгөөр АНУ-аас 100 тэрбум долларын зэвсэг худалдан авах юм. Ямар төрлийн зэвсгийг АНУ-аас худалдан авах нь тодорхойгүй байгаа боловч агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” системийг хамгийн цөөндөө гэхэд 10 нэгжийг худалдан авах хүсэлтэй байгаагаа Украины тал мэдэгдсэн.
Трамп Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ асуудлаар хоёр талтай тохиролцохыг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, тусгай элч С.Уиткофф нарт даалгажээ. Тэдний уулзалтын тов хараахан гараагүй байна.
Сэтгэгдэл үлдээх