Засгийн газраас төрийн албыг цомхон, чадварлаг, бүтээмжтэй болгох чиглэлээр ажиллаж буй. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар агентлагуудын орон тоо, бүтцийг цомхон чадварлаг болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
- Өмнө нь энэ цомхотголыг дарга нарын тоог цөөлөх ажлаар эхэлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 16 яамны 280 гаруй газрын даргын тоог 81-ээр цөөлж, 6.3 тэрбум төгрөг хэмнэхээр шийдвэрлэсэн. Мөн үйл ажиллагааны зардал ихтэй, үр ашиг багатай, үндсэн чиг, үүргийн давхардалтай 29 үндэсний хороод, зөвлөлийг татан буулгаж 136 орон тоо хасагдаж, жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тогтоол баталж, 35 агентлагийн орон тооны хязгаарыг 3353 байсныг 9 хувиар бууруулж, 3052 болгон цөөллөө. Өөрөөр хэлбэл, агентлагийн газар хэлтэс, албадын тоог тоолсон.
Энэ өөрчлөлтийн үр дүнд агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоо 54-өөр буурна. Цалин хөлсний зардлаас 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно.
Агентлагууд дэд дарга, орлогч даргатай байхгүй. Харин төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг энэ сарын 26-наас ил тод болгож байгаа. Өмнө нь бүгд хангалттай сайн буюу А, B үнэлгээтэй байсан. Гэтэл иргэдийн үнэлгээ дундуур байдаг. Тиймээс ил тод болгож, иргэдээр үнэлүүлдэг болно. Ингэснээр ажилдаа хариуцлагагүй албан хаагч А үнэлэгдэж буй нь шударга бус байна гэж иргэд үнэлдэг болно. Ийм байдлаар төрийн албыг цомхон, чадварлаг, хүнд сурталгүй болгох юм. Цаашид сайн, хариуцлагатай, хүнд сурталгүй, шуурхай ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг урамшуулна гэсэн юм.
Харин хариуцлагагүй, цаас зөөж, цаг хийдүүлдэг, дарга нарын татаасны хүмүүсийг цомхотгох аж.
Сэтгэгдэл үлдээх